П.Оюун-Эрдэнэ: Хонгорзулын дүрийг бүтээсэн нь хувь заяаны тохиол

Ай хөөрхий Жинжиймаа

Алаг нүдэн Жинжиймаа гэсэн хөг аялгуу одоо ч зүрх сэтгэлд минь тодхон санагддаг юм. “Жинжиймаа” киног үзэх бүрт сэтгэл минь хөнгөн гунигт автаж,  өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэдэг. Тавхан насандаа Хонгорзулын дүрийг чадварлагаар бүтээсэн П.Оюун-Эрдэнэтэй уулзах цагаа товлон хэсэг хүлээв. Хүсэл мөрөөдлийнхөө жигүүрийг дэлгэж, хийж бүтээхийн оргилд тэмүүлж яваа тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр амжилттай дүүргэжээ. Дүрлэгэр алаг нүдтэй бүсгүй инээмсэглэл тодруулсаар орж ирэх нь хэзээний танил мэт. Үсээ хоёр салаа боосон, лоовуузан малгай, ногоон үстэй дээл өмссөн алаг нүдэн охин  ийм үзэсгэлэнтэй бүсгүй болсонд баярламаар ч юм шиг мэдрэмж төрж байсан юм. Хүүхэд насандаа хүний зүрх сэтгэлд хүртэл кинонд тоглоно гэдэг хүслээр болох ажил биш.

П.Оюун-Эрдэнэ багын л дуулж, бүжиглэх сонирхолтой авьяаслаг охин байжээ. Тэрбээр “Жинжиймаа” кинонд тоглосноо хувь заяаны тохиол гэж бодож явдаг гэнэ. “ Их сонин түүхээр кинонд тоглохоор болж билээ. Би сансрын 50 дугаар цэцэрлэгт явдаг байсан. Аав ээж хоёр маань ажилтай учраас намайг ирж аваагүй. Туслах багштайгаа  бас нэг хүүхэдтэй хамт байсан. Тоглоод сууж байтал гаднаас даарчихсан ах эгч хоёр орж ирсэн.  Багштай уулзаж, ярилцаад удалгүй намайг “Миний хүү хүрээд ирээч” гэсэн. Найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг эгч хоёр байсан юм билээ. Нүүрийг маань хоёр тийш болгож хараад хоорондоо “Яг адилхан байна. Яг мөн шүү” гээд ярилцаад байсан. Тухайн үед жаахан хүүхэд байсан учраас юу яриад байгааг нь ойлгоогүй ээ.

Тэгээд  Н.Батцэцэг эгч надад “Чи энэ ах руугаа муухай хардаа. Харин эгч рүүгээ ээжийгээ харж байгаа юм шиг хайрласан харцаар хар даа” гэсэн. Би яг л хэлснээр нь харж үзүүлсэн. Аав ээжтэй уулзах гээд хэсэг хүлээсэн.

Төд удалгүй намайг авахаар ирсэн. “Кино хийх гээд өдөржин цэцэрлэгээр явж дүрдээ тохирох хүүхэд хайсан ч олдоогүй. Танай охин яг тохирч байна” гэж Н.Батцэцэг эгч хэлж байсан. Тэгээд л Жинжиймаагийн Хонгорзулын дүрд тоглохоор сонгогдсон юм” гэв.

Өвлийн хүйтэнд өдөржин цэцэрлэгүүдээр явж Хонгорзулын дүрд тохирох хүүхдийг хайж явсан

МУГЖ Н.Батцэцэг гэрэл нь асаалттай цэцэрлэгийг хараад ханьдаа “Хоёулаа энэ цэцэрлэг рүү орчихоод харъя” гэж хэлсэн нь Хонгорзул охины дүрийг дэлгэцийн түүхэнд мөнхлөн үлдээх П.Оюун-Эрдэнэтэй уулзсан байна. Түүний хэлснээр аргагүй л “Хувь заяаны тохиол” гэлтэй.

 “Ээжээ би од болохгүй ээ. Кинонд тоглохгүй. Хоёулаа гэртээ харъя” гэж хэлсэн

Өдгөөгөөс 18 жилийн өмнө дүн өвлийн хүйтнээр Жинжиймаа киноны зураг авалт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт нэг сар гаруйн хугацаанд үргэлжилж, үзэгчдийн хүртээл болжээ. Уулзсныхаа маргааш тэд кино зураг авалтаа хийхээр хөдөө явсан байна. Хүүхэд л болсон хойно кинонд тоглох их сонирхолтой санагдаж, өөрийнхөө дүрийн зохиолыг хурдан цээжилж сайн бэлдсэн гэнэ. “Шууд маргааш нь хөдөө явсан. Жаахан хүүхэд байсан болоод ч тэр үү их л сонирхолтой санагдаж байсан. Жүжигчидтэйгээ хамт зохиолоо уншаад, текстээ цээжлээд бүр заримд нь “Тэгж хэлнэ” гээд л. Хамгийн жаахан нь би байсан.

Бүгд л намайг эрхлүүлж, хайрлаад л их сайхан байлаа. Гэтэл гэр шатах, ээжийнхээ араас уйлах хэсгүүд дээр жаахан шантарсан. Таван настай жаахан хүүхэд шүү дээ. Ээжид нэг удаа “Ээжээ би од болохгүй ээ. Кинонд тоглохгүй. Хоёулаа гэртээ харъя” гэж хэлсэн гэсэн. Гал гарсан хэсгээс болж тэгж хэлсэн гэдэг.

Харанхуйд гэр шатаад П.Цэрэндагва гуай намайг өвөртөө хийгээд унаа тосох гэж гүйдэг хэсэг л дээ. Тэр процесс яг бодит болж байгаа юм шиг санагдаад айсан. Өвлийн хүйтэнд өдөр шөнөгүй зураг авалтанд ороод зутарсан байсан байх л даа. Ядарчихсан нойр дутуу хүүхдийг өвөртлөөд гүйх нь хэцүү санагдсан байх гэж боддог юм” гэв.

Таван настай хүүхэд битгий хэл тавин настай хүн ч дүн өвлийн хүйтэнд дүр бүтээх нь мэдээж хэцүү. Гэхдээ бяцхан биедээ баймгүй хэрсүү охины дүрийг бүтээж, өдгөө ч үзэгчдийн үзэх дуртай сайн бүтээл болж дэлгэцэнд мөнхлөн үлдэхэд түүний авьяас чадвар, хүч хөдөлмөрийн үр шим бий.

Ногоон торгон үстэй дээлээ нандигнан хадгалдаг охины анхны цалин 500 мянган төгрөг

Кинонд тоглохдоо өмсч байсан ногоон торгон үстэй дээл, лоовуузан малгай, хөвөнтэй өмдийг эмээ нь охиндоо зориулан оёж өгсөн гэдэг. П.Оюун-Эрдэнэ эмээгийнхээ сэтгэлээ шингээж урлаж өгсөн. Хүүхэд насных нь гэгээн дурсамжуудынхан нэг болсон тэдгээр хувцсыг нандигнан хадгалаж явдаг аж.  “Би “Жинжиймаа”-г үзэх бүртээ уйлчихдаг. Одоо сургуулиа төгсөөд жүжигчин болчихсон болохоор  мэргэжлийн хүний нүдээр үзээд байдаг юм билээ.  Өмнө нь бол өрөвдөлтэй санагдаад уйлчихдаг байсан. Харин одоо киноны санаа, хүмүүсийн дүр бүтээж байгаа байдлыг харна. Чухал сэдвийг хөндөж хийсэн.

Сэтгэл догдлуулсан кино болсон. Орчин үед яг “Жинжиймаа” шиг чанартай зохиолтой сайн кино ховордсон үе шүү дээ. Хүний хүүхдийг өсгөж байгаа эрэгтэй хүний үрээ гэсэн сэтгэл, хүн чанарыг харуулсан гайхалтай зохиолтой кино гэж бодож үздэг болсон доо” гэлээ.

Таван настайдаа кинонд тоглосон авьяаслаг жүжигчин алаг нүдэн П.Оюун-Эрдэнийн  анхны цалин  500 мянган төгрөг аж. “Кинонд тоглосон гээд  надад өгч байсан юм. Одоогийнхоор бол бараг л таван сая төгрөг байх” гэж инээмсэглэн хэлсэн юм.  Багаасаа л гангалах дуртай байсан охин анхны цалингаараа даашинз авч, хичээлийнхээ хэрэгслийг бэлдсэн гэнэ. 

Жүжигчний мэргэжлийг сонгоогүй бол сэтгэлзүйч болох байжээ

П.Оюун-Эрдэнэ нэлээд хэдэн киноны гол болон туслахыг дүрийг  амжилттай бүтээж, дэлгэцийн бүтээлд хүч сорьж буй будаг нь ханхалсан шинэхэн уран бүтээлч.  СУИС-д элсэн орж, эрдэмтэн багш нараасаа олон зүйлийг сурч авсан тэрбээр “Хүн байхын утга учирыг ихэд ойлгосон гэдгээ хэлж байсан юм. “Дөрвөн жил суралцахад багш нар маань эхлээд “Чи хүн болоод сургуулиа төгсөх ёстой” гэж заадаг байлаа. Хүнийг хүндэлж, хайрлаж амьдрах ёстой гэж боддог” гэв.  Тэрбээр зөвхөн жүжигчнээр ажиллахаас гадна нийгмийн сайн сайхны төлөө ч ажиллах бодолтой явдгаа нуусангүй. Жүжигчин хүн үргэлж судалгаа хийдэг. Кинонд тоглолоо гэхэд л тухайн дүрээ яв цав судална. “ Эмч хүний дүрд тоглолоо гэж бодоход ажил мэргэжлээс нь эхлээд сэтгэлзүйг нь хүртэл судалдаг. Тиймээс сэтгэлзүйчийн мэргэжлээр суралцах бодолтой байгаа. Хэрэв би жүжигчиний мэргэжлийг сонгоогүй байсан бол сэтгэлзүйч болох байсан” гэв. Учир нь П.Оюун-Эрдэнэ ойр тойрныхондоо чин сэтгэлийн зөвлөгөөг тун гаргууд өгдөг аж.

Тэртээх 18 жилийн өмнө түмэн олны сэтгэлд хүрсэн сайхан бүтээлийн нэг “Жинжиймаа” уран сайхны кинонд тоглож байсан П.Оюун-Эрдэнэг хаана юу хийж яваа бол, ямар бүсгүй болсон бол сураг ажиг тавьдаг хүмүүс олон бий. Тэгвэл таван настайдаа дэлгэцийн бүтээлийг амилуулахад оролцуулж явсан жаахан охин өнөөдөр 23 настай эгэл даруу, эхэмсэг бүсгүй болж, урлагийн салбарт өөрийн гэсэн ертөнцийг өртөөлж яваа түүнтэй хөөрөлдсөн нь энэ байв. Дашрамд дурьдахад тэрбээр тун удахгүй NTV телевизээр гарах олон ангит уран киногоор үдэш бүр үзэгчидтэй уулзана.

 

                                                                                         С.Ичинхорлоо