С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
МАН: Сонгуулийг бүсчилсэн тойргоор зохион байгуулахыг дэмжиж, бусад намтай зөвшилцөхийг чиглэл болголоо
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, гурван асуудлыг хэлэлцлээ.
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудлаар санал солилцож, тодорхой шийдэл гаргасан. Мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нарын мэдээллийг сонссон. Сонгуулийн хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, сонгуулийн тов, автоматжуулсан систем ашиглахтай холбоотой асуудлаар УИХ тогтоол гаргах ёстой. Бүлгээр дээрх асуудлыг хэлэлцээд 2019, 2023 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг “амилуулж” чадах сонгуулийн тогтолцоо хэрэгтэй. Мөн Монгол Улсын хөгжлийг нэг төвтэй бус хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах нь зүйтэй гэж үзсэн.
Түүнчлэн сонгуульд нөлөөлдөг мөнгөний, нутас усаар талцдаг байдлаас ангид байж, сонгуулийн бүсчилсэн тойрог байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Бусад улс төрийн намуудтай зөвшилцөж, санал боловсруулж шийдвэрлэхийг МАН болон УИХ-ын удирдлагуудад чиглэл болголоо.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс Завхан аймагт гарсан эрчим хүчний гэмтэл гарч, 21 сум цахилгаангүй болсон асуудлаар асуулга тавьж, хариулт авлаа. Хүйтний эрч чангарч, хүнд нөхцөл байдал бий болсонтой холбоотой яаралтай арга хэмжээ авахыг салбарын сайдад чиглэл болгосон. Мөн шатахууны хомсдол бий болсон асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын мэдээллийг сонссон. Бид шатахууны нийлүүлэлтийн асуудлыг бүлгийн хурлаар тогтмол хэлэлцэж байна. Шатахууны хангамжтай холбоотой үүссэн асуудал нь тээвэрлэлт, нийлүүлэлттэй холбоотойгоос гадна манай улсын хэрэглээтэй холбоотой гэж тайлбарлалаа. Бүлгийн гишүүдийн зүгээс шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг сайжруулах, дотоод зохион байгуулалтаа сайжруулахыг салбарын сайдад үүрэг болголоо” гэв.