Тэр бас нэгэн түүхийг бичих үү?!

Санжийн Баяр нэгэнтээ хэлсэн байдаг юм, “Хүлээх хариуцлагатай минь дүйх эрх мэдлийг надад өгнө үү” гэж. 2007 оны аравдугаар сард болсон МАН-ын XXV Их хурлын үеэр намынхаа “гал тогоо”-г хариуцсан “эзэгтэй”-н албан тушаалаас шууд нэгдүгээр хүн нь болохдоо хэлсэн түүний эл үг бүхэлдээ улс төрийн агуулгаараа Ерөнхий сайдын сэнтий өөрт нь дутуу буйг илэрхийлсэн боловсон байр суурь байв. Намын даргын халаагаа шилжүүлээд удаагүй явсан М.Энхболд ч сар хүрэхгүй хугацааны дараа үлдсэн “дээл”-ээ тайлснаар С.Баярыг Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайдаар томилж байсан түүхтэй. УИХ-ын ээлжит сонгуулийн циклээс долоон сарын өмнө МАН дахь эрх мэдлийн хуваарилалтын үр дүн тэдэнд тийм ч халтай тусаагүй.

Үүрэг хариуцлагатайгаа дүйх эрх мэдлийг хоршуулан атгасан С.Баяр сонгуульд намаа удирдан оролцож, 45 суудлыг авч, үндсэндээ ялалт байгуулсан түүхтэй. Ялагдал хүлээсэн АН-д санал тавьж, Стандарт бус Засгийн газрыг эмхэлсэн нь С.Баярыг баалж, зүхэх гол шалтгаан ч өнөөдрийн Оюу Толгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах эхлэлийг тавьсан гавьяа нь түүнд, тэргүүлсэн танхимд нь хаяглагдан үлдсэн юм. Нийгэм, улс төрийн хамгийн том бөгөөд тодорхой эсэргүүцэлтэй нүүр тулан байж эхлүүлсэн тэдгээр төсөл “Эрдэнэт”-ээс хойших Монголын эдийн засагт жин дарахуйц нөлөөтэй явсаар байгаа нь үүний баталгаа. Төрийн ордны хоёрдугаар давхарт зургийг нь өлгөсөн бусад Ерөнхий сайдаас С.Баярт байдаг, бас үлдсэн намтар нь энэ.

Сонирхолтой нь, С.Баярын үед, зөвхөн түүнээс л гардаг улс төрийн огцом хэрнээ далайцтай шийдвэрүүдтэй агаар нэг санал, санаачилгыг өнөө цагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байсхийгээд дэвшүүлдэг болсоор удлаа. Дэмжлэг хүлээсэн нь ч байна. Парламентын түвшинд хэлэлцүүлгийн шатандаа яваа нь ч бий. УИХ-ын гишүүний тоог 76-гаас шууд 126 болгосон, залгуулаад улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд Төрийн бүхий л тендер, зээл, тэтгэлэгт хамрагдах боломжийг хуулиар хязгаарлав. Ерөөс улстөрч нь улстөрчөөрөө, бизнес нь бизнесээрээ явах ийм санал 1990 оноос хойших 30 жилийн хугацаанд аль УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдаас гарч байсангүй. Гэхдээ гаргаж болдог, тэрийгээ хуульчлуулж болдгийг харуулсанд учир байна. Одоо авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах асуудлыг парламентын босго давуулсан нь мөн л дэмжлэг хүлээв.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний ололт нь их ч улс төрийн намын батлах, УИХ-ын гишүүний сэнтий нь өөрөө авлига, албан тушаалын гэмт хэргээ нуун далдлах хамгийн том, бас бат бөх цайз, хэрэм болтлоо сүндэрлэсэн бүхэл бүтэн системийн гажуудлыг нураахын төлөө тэмцэж явна. Агуулга нь, асуудал нь өөр ч ач холбогдлын хувьд улс орны эрх ашгийг хөнддөг нь Л.Оюун-Эрдэнийг С.Баярын дайны Ерөнхий сайдын хэмжээнд хүргэж харагдуулаад байгаа хэрэг. Хөгжлийн банкаар эхэлсэн “Нээлттэй сонсгол” нүүрсний хулгайгаар үргэлжилж байгаа нь бас нэгэн гал дуудах сэдэв.

Гагцхүү Л.Оюун-Эрдэнийн улс төрийн нүүдэл энэ хүрээд хязгаарлагдахгүй нь бололтой. Монголын парламентын дараагийн 30 жилийн хөгжлийг тодорхойлох учиртай 126 гишүүнийг сонгох сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар зурах саналыг УИХ дахь намын бүлэгтээ танилцуулж дэмжлэг хүлээсэн нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдал. Эрх баригч нам гэдгээрээ МАН дангаараа энэ асуудлыг түрий барьж шийдэхгүйгээр бусад улс төрийн хүчинтэй зөвшилцөж эцсийн шийдвэрийг гаргана гэдгийг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн нь саяхан. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ч уг асуудлыг дахин хэлэлцээд зарчмын хувьд том тойргуудаа урьдчилсан байдлаар зурцгаажээ.

Хуулиараа сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог байгуулахаар заасан. Ингэхдээ хүн амын тоо, засаг захиргаа, газар нутгийн хэмжээ, байршлыг харгалзан тойрог байгуулж, мандат хуваарилж ирсэн жишигтэй. Үүгээр 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийг тойрогт хуваах зарчмаар 2-5 мандат хуваарилж ирсэн түүхтэй. Тойргийн тухайд томсгож, багасгасныг эс тооцвол хот, хөдөөгөөрөө талцах, сайд дагасан төсвийн хуваарилалт, хэт тойрог шүтсэн агуулга явснаас өөрөөр улсаараа урагшилж, хөгжсөн нь үгүй. УИХ-ын гишүүд, улстөрчид нь ч дахин сонгогдох гэж улайрдгаас бусдаар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирсэн нь байхгүй. 

Том төслүүд яагаад урагшилдаггүй, томоохон төсөл, хөтөлбөрүүд яагаад ч хөрсөн дээр бууж ирээгүйн бодит шалтгаан бас зовлон нь ердөө л энэ. 30 жилийн энэ асуудлыг системээр нь өөрчлөхгүйгээр УИХ-ын гишүүний тоог 76-126 болгож нэмэгдүүлэх нь хэчнээн өөдрөг төсөөлөл дэвшүүлээд хадан цохио руу хашгирч буйгаас өөрцгүй. Үүнийг өөрчлөхийн тулд, тойрог шүтсэн хандлагыг тас цохих ганцхан гарц бий нь бүсчилсэн байдлаар хуваарилалт хийх. Жишээ нь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, түүхэн аялал жуулчлалын, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээний бүс болгох боломжтой. 

Харин Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийг мал аж ахуй, аялал жуулчлалын, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийг өндөр уулын мал аж ахуй, олон улсын тээвэр, логистик, аялал жуулчлалын бүсээр тодорхойлж хөгжүүлж болно. Хойшоо Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан аймгийг аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн, Улаанбаатар, Төв аймгийг төр, эдийн засаг, соёлын бүсчилсэн байдлаар хөгжүүлэх боломж нь хангалттай бий.

Учир нь, 2023 оны улсын төсвийн реформын гол концепц нь тойрог шүтсэн төсвийн тогтолцоог халж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, улсын төсвийг төлөвлөж, санхүүжүүлдэг тогтолцоонд шилжиж, үндэсний хэмжээнд нийгэм эдийн засгийн үр өгөөж, Техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлаж, шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн төслүүдийг үр ашигтай дуусгах зорилт байсан. Харин ирэх оны төсөв нь УИХ-ын тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих үндсэн зорилготой болсон. Тэгэхээр Ерөнхий сайдын зүгээс санал болгож, УИХ дахь намын бүлгээрээ хэлэлцүүлж, Удирдах зөвлөлөөр тохирсон бүсчилсэн тойргийг парламентын босго давуулах нь цаг хугацааны л асуудал болж байна. 

Угтаа бол тойрог шүтсэн сонгуулийн тогтолцоогоор бус бүсчилсэн байдлаар хөгжлийн зураглалаа тодорхойлж, мандатын хуваарилалтаа хийж ирсэн бол өнөөдөр Монгол Улс хэдийнэ Газрын тос боловсруулах болон Арьс шир боловсруулах үйлдвэр, Аж үйлдвэрийн парк, Дулааны IV цахилгаан станцын өргөтгөл, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцтай өлхөн болчих байв. Гэвч гишүүн бүр нь сонгогдсон тойрогтоо соёлын ордон барихаас эхлээд өөрсдөө төлөвлөлт хийх зэргээр жижигхэн, аминчхан байдлаар хандаж ирсний горыг улсаараа амсаж, эдийн засгаараа төлж байна. 

2016 оноос өнөөдрийг хүртэл нийслэл Улаанбаатар хотыг хоёр бүтэн тойрох хэмжээний урттай 225 км автозам баригдсан боловч дүүрэг дүүрэгт тавигдсан хоорондоо холбогдоогүй мухар замаар хашигдлаа. Тойргийн эрх ашиг улсын хөгжилд яаж сөргөөр нөлөөлдгийн энгийн жишээ нь энэ. Тиймээс л бүсчилсэн тойргийн хуваарилалтыг барьж авснаараа, хэрэвзээ батлуулж чадвал Л.Оюун-Эрдэнэ бас нэгэн түүхийг бичиж таарах нь! 

С.Сүлд