Төсвөөс зээл төлөх боломжгүй

Ерөнхий сайд Г.Занданшатар "Ашиг бус алдагдал үйлдвэрлэдэг төрийн өмчит компаниудыг татан буулгаж, нэгтгэн цомхотгож, зах зээлд чөлөөт өрсөлдөөний орон зайг нээж өгнө. Үр дүнд нь төрийн өмчит компаниудын тоо 109-өөс 87, төрийн албан хаагчдын тоо 230 мянгаас 218 мянга болж буурна. Мөн 2026 оноос төрийн өмчит компаниудын худалдан авалтыг бүрэн цахимжуулж, хүний оролцоог багасгаж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлж эхэлнэ" хэмээн 2026 оны Төсвийг танилцуулах үеэр мэдэгдсэн нь энэ оны есдүгээр сар. Үүнээс хойш төсөв тойрсон санал, шүүмжлэл гэхээсээ МАН доторх эрх ашгийн зөрчил нь Монгол Төрийг гацаанд оруулж, зогсонги байдалд оруулахдаа тулсан нь саяхан. 

Гэхдээ улс орны эрх ашиг хэзээд нэгдүгээрт явдаг эрэмбэтэй юм хойно өөр хоорондоо улангасч, улайстал үзэлцсэн МАН-ынхан намын болон УИХ-ын шинэ даргаа төвөггүйхэн бараг зэрэгцүүлэн томилсноор эл асуудал тэгсхийгээд намжив. Хэн нэгнийхээ дээр, доор орох, гарах нь үнэндээ монголчуудад падлийгүй ч эцсийн дүндээ улсаа нурааж мэдэх эрсдэл рүү хүргэх учраас тийм сонголт хийхээс өөр аргагүй байж болох. Гол нь улсын төсвийг танилцуулах үеэр мэдэгдэж асан Ерөнхий сайдын үгс энэ өдрүүдэд илүү тодрох болсонд асуудлын учиг байгаа юм.

Саяхандаа, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хяналт-шинжилгээний мөрөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, алдаа, зөрчлийг арилгуулах, цаашид харьяа компаниудад хийх хяналт-шинжилгээ, шалгалтыг эрчимжүүлж, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байдаг.

Үүгээр хэд хэдэн компанийн үйл ажиллагаа, удирдлагын менежмент нэр цохогдсоны нэг нь "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК. Тус компанийн нийт бараа материалын үлдэгдэл 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байгаас 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон гэдэг. Ингэхлдээ зуух 2, 4-ийн их засварыг 2024 онд хийхдээ 1.1 тэрбум төгрөгөөр төсөвт өртгийг хэтрүүлжээ. 2024 онд 61.6 сая төгрөгийн бараа материал акталснаас 90% (55.3 сая.төг), 2025 онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 87.2% (320.3 сая.төг) техникийн үзүүлэлт таараагүй, шаардлага хангахгүй болсон юм.

Энэ хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр орой "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр гэсэн үг. Тус компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 хувийг дангаар хангадаг. Гэвч ч өр төлбөр нь 78.4 тэрбум төгрөгт хүрсэн талаар компанийн удирдлагууд Засгийн тэргүүнд учирлажээ. Улмаар Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх санхүүгийн чадваргүй болсон учраас улсын төсвөөс зээлийг төлж барагдуулах хүсэлтийг компанийн зүгээс тавьсан байна. Хариуд нь Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвөөс зээлийг төлөх боломжгүйг хэлээд компанийн үргүй зардлыг бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллахыг сануулжээ.

Тэрбээр "Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангатга. Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш зардлаа хэмнэх тооцооллыг хийж, хэрэгжүүл. Үрэлгэн байдлаа цэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үнэ нэмэхийг хүлээж авахгүй байгаа юм" гэжээ.

Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” эрчим хүчний нүүрсний 19 хоногийн нөөц бүрдүүлээд байгаа аж. Харин өвлийн ид оргил ачааллын үед бэлэн байдлаа дээшлүүлэхийн тулд уг нөөцийг 30 хоног болгож нэмэгдүүлж, нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгасан байна. Ийнхүү Төрийн өмчит компаниуд түрүүчээсээ Ерөнхий сайдын шалгалтад бүдрэх бололтой. Угтаа бол авсан зээлээрээ компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх нь зүй. Гэвч засаглалаа сайжруулж, хяналтаа чангатгаагүй атлаа төсвөөс өр төлбөрөө хаалгах тухай яриад суух нь хэн хэндээ зохисгүй.

С.Сүлд