Д.Энхзаяа: Хүүхдээ харж байхдаа бизнесээ эхлүүлсэн

“БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ” цувралын зочноор охид бүсгүйчүүдийн дунд орон зайгаа эзэлж оршин тогтносон “Sassy boutique”-ийг үүсгэн байгуулагч Д.Энхзаяаг урьсан юм. Бүхнийг тэгээс эхлүүлж, бизнесийн салбарт уналт, босолттой нүүр тулсан ч ухрахгүй урагшилсаар өнөөдрийг хүрсэн дайчин бүсгүйн амжилтын нууц, амьдралын замналын талаар ярилцсанаа хүргэе.

-“БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ” цуврал ярилцлагын урилгыг хүлээж авсан Танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Аав ээжээс гурвуулаа. Айлын дундах ганц охин нь. Одоо нөхөр хоёр  охины хамт амьдарч байна. 10 жилээ Нэгдүгээр хорооллын Ирээдүй цогцолбор, их сургуулиа ШУТИС-ийг төгссөн. Давхар хүний нөөцөөр ч суралцсан.

-Хүүхэд байхдаа ямаршуухан хүүхэд байсан бэ. Охин хүүхэд бүхэн дэгжин хувцаслаж, ганган байхыг хүсдэг. Таны хувьд?

-Хүүхэд байхдаа даруухан бүрэг охин байлаа. Ээж ганц охин гээд гангалах дуртай. Даашинзыг төрөл бүрээр нь өмсгөнө. Дунд ангидаа ороод улам даруухан болсон. Гангалахаараа ичнэ. Бараг үг дуу гардаггүй хүүхэд. Яагаад тэгж их ичдэг байсан юм бол гэж боддог.

-Бизнес эхлүүлэх сэдэл санаа чухам юу байв. Хэзээ эхлүүлсэн бэ?

-Бизнес эхлүүлэх болсон түүх маань фэйсбүүктэй холбоотой. Тухайн үед Монголд цахим хэрэглээ буюу нүүр ном нэвтэрч эхэлсэн үе. Том охин маань балчир учраас хүүхдээ хараад гэртээ суудаг ээж. Фэйсбүүк ашиглаж эхэлснээс хойш хүмүүс бага зэрэг зар оруулах нь харагдана. Шинээр аваад өмсөөгүй хадгалсан хэдэн зүйлээ зар оруулахад маш хурдан зарагдсан. Сониуч зандаа хөтлөгдөж, эгчийнхээ зардаг гутлуудаар зар тавихад өдөрт 10, 20 ширхэгээр нь зарж эхэлсэн. 

-Аливаа ажлыг эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Хийх хүсэл байвч хөрөнгө санхүүгийн асуудал залуучуудыг тушдаг. Таны хувьд хэдэн төгрөгөөр бизнесээ эхлүүлсэн бэ?

-Тэгээс эхлүүлсэн бизнесийнхээ хүрээнд хурдан хугацаанд сая төгрөгтэй болсон. Нөхөр дэмжээд хоёр сая төгрөгөөс бүгдийг эхэлсэн дээ. Онлайнаар авчирсан бараагаа зарж хүргэлтэд явж гэртээ хүүхдээ хараад суухдаа амжуулдаг байлаа. 

-Бизнесээ сэтгэлийн хөөрлөөр биш зах зээлээ маш сайн судалсны үндсэн дээр эхлүүлсэн байх. Хэрхэн судалгаа хийсэн бэ?

-Дэлгүүрээ анх нээхэд маш их айдастай байсан. Хэр байх бол банкнаас зээл аваад бүтэлгүйтэх вий гэх зэргээр. Онлайнаар бараа зарж хэрэглэгчээ татчихсан болохоор зориглоод хотын төв зам дагуу байршилтай дэлгүүрийг сайн судлаад орж байлаа. Зөв ч алхам байсан. Барааны сонголтоо зөв хийхгүй бол алдагдал үүрэх эрсдэлтэй. Хүмүүс ямар хувцас өмсөх сонирхолтой байгааг байнга судална. Гудамжинд зөрсөн хүний өмссөн хувцсыг байнга харж явдаг байсан. 

No description available.-Үүргэвчээ үүрээд, мөнгөө солиулаад хилийн дээс алхана. Анх бол мэдэхгүй чадахгүй зүйлс их тохиолдсон байх. Гэхдээ хүссэн ажлаа эхлүүлж чадах л залуу хүнд урам өгдөг. Анх ямар ямар бүтээгдэхүүн авч ирж байв?

-Анх гадагшаа бараандаа явахад бүх зүйл сонин содон  санагдаж байлаа.  Ганцаараа явахад төөрчих гээд л... Тухайн үед найз маань бараанд явдаг байсан болохоор сайн чиглүүлсэн. Тэр үед нэг бараанаас олоныг авахгүй. Хүн өмсвөл ингэж харагдана даа гэж төсөөлж бодно. Төрөл бүрийн эмэгтэй хувцаснууд авна. Зөв ч байсан. Хөлөө чилтэл бараагаа авч, үүрч, хайгаад явж өгна. Дуртай юмандаа хүн  ядарснаа ч мэдэхгүй гэдэг шиг л. 

-Бүтээгдэхүүнээ худалдаж, ашиг олно. Гэхдээ юм бүхэн урсгалаараа шууд болчихгүй. Алдаа оноо олон тохиолдоно. Анхны үйлчлүүлэгч, анхны орлого урам өгсөн байх?

-Бараагаа авчраад өөрөө өмссөн зургаа фэйсбүүкт байршуулж, зар тавихад хүний хөлөөр тасрахгүй. Нэг удаа үйлчлүүлсэн хүн дахиад ирдэг болно. Тэр бүгд урам өгч бүр ихийг хийх хүсэл төрнө. Алдаа оноо гарахаар дахиад алдах вий гээд улам хянамгай болдог. Давж гарна гэж зүтгэсэн дээ. 

-Хийж эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэхэд эргэлтийн хөрөнгө чухал санагддаг?

-Эргэлтийн хөрөнгө тухайн үедээ зээл аваад зохицуулсан амжилттай ард нь гарсан. 

-“Sassy boutique” -ийг ажиллуулаад хэдэн жил болж байна. Бизнесийн салбарт орон зайгаа олтлоо олон ч зүйлтэй тулгарсан байх. Сэтгэлээс гардаггүй сайхан, муухай түүхээсээ хуваалцвал?

-Зургаан жил болсон байна. Намайг зорьж ирдэг үйлчлүүлэгчид урмын сайхан үгээр урамшуулж авчирсан барааг минь амьлуулж байгаа нь сайхан. Үйлчлүүлэгч байгаа болохоор амжилттай явж байна. Шантрах гутрах үе зөндөө ч улам хатуужилтай болгосон юм шиг санагддаг. Дэлгүүрийнхээ үйл ажиллагааг түр зогсоож цахим хэлбэр буюу онлайнаар ажиллаж байна. Гэхдээ удахгүй маш гоёор дэлгүүрээ нээхийг төлөвлөж бэлдэж байна.

-Нийт хэчнээн төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна?

-Эмэгтэй бүх төрлийн хувцас худалдаалж байна. 

No description available.- Орлого муудах үеүд ч олон тохиолдоно. Хэрхэн даван туулж байна вэ?

-Онлайнаар ажиллаж байгаа ч өмнөхөө бодвол хүмүүс хүргэлтээр бараа их авдаг болсон. Онлайн улам бүр л идэвхитэй болж байгаа болохоор орлого муудсан үедээ бараагаа хурдан эргэлдүүлэхийн тулд хямдрал зарлаж үлдэгдэл бараагаа дуусгаж шинэ бараа татахыг хичээж байна.

-Та байгууллага удирдаж яваа ажил олгогч, улсдаа татвар төлж, бизнес эрхэлж яваа залуу бизнесмэн. Хэчнээн хүн цалинжуулж байна?

-Гурвуулаа ажилладаг. 

-Бизнес хийхэд маркетинг маш чухал. Өөрийн тань хувьд маркетингаа хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Ганц гол зүйл хувцасны загвар материал мөн тэрийг амьлуулах модель чухал байдаг. Онлайн талдаа тулж ажиллавал орлого маш сайн байдаг.

-Таны нэг өдөр хэрхэн эхэлж өнгөрдөг вэ. Цаашдын зорилго зорилтын тухайд?

 

-Удахгүй гоё дэлгүүртэй болох гээд төлөвлөж бэлдэж байгаа болохоор одоогоор хүүхдүүддээ анхаарал хандуулж, өөрийгөө хөгжүүлэхэд илүү их цагийг зарцуулж байна. Хувцаслалт стилист чинь гоозүйтэй холбоотой болохоор давхар чадвартай болох гээд make up аар сурсан. Гэртээ суугаа ч гэсэн хааяа реклам тоглолтын ард хоёр студийн дор ажиллаад хөөрхөн орлого олно. Туршлагатай ч болж байна. Өөр бас сурах амжуулах сонирхол зөндөө бий. Эмэгтэйчүүдийгээ гоо сайхныг тодотгосон будалт хийж гоё хувцаслаад үдээд гаргадаг болгохын тулд хичээж байна. Цаашдын зорилго нэгдүгээрт олон үйчилгээг багтаасан сайхан дэлгүүртэй болно. Дараа нь хоолны салбар руу орох сонирхолтой. Хүн өөрийн хоббиндоо хөтлөгдөж амьдардаг. Тиймээс хоббигоо ажил хэрэг болгохоор үнэхээр аз жаргалтайгаар ажилладаг. 

С.Ичинхорлоо

No description available.

No description available.