ОХУ, Казахстанаас хангамж хийх саналаас татгалзсан уу?

Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ц.Туваан, Ж.Батжаргал, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, үг хэлсэн байна. Тухайлбал, гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Наранбаатар нар тогтоолын төсөлд “Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцтэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан ажиллах” гэсэн саналыг нэмж тусгах шаардлагатай гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100  хувийн саналаар дэмжсэн байна.

Тогтоолын төсөлд “Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил хийж, нөөцийг тодотгох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулах, Асгатын мөнгөний ордын нарийвчилсан хайгуулын ажлыг бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг тодотгож шинэчлэн тогтоох болон баяжуулалтын технологийн судалгааг 2024 онд багтаан хийж, тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцтэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэс Монгол” хариуцан ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.

Одоогоос хоёр жилийн тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байв. Тэгэхэд "Өнөөдрийг хүртэл ордыг ашиглахыг хойшлуулсан үндсэн хоёр шалтгаан бий. Нэг нь дэд бүтцийн асуудал. Нөгөө нь баяжуулалтын технологи. Өнөөдрийн байдлаар геологийн суурин руу сайжруулсан зам тавьсан байгаа. Түүнээс цааш орд руу очихын тулд ОХУ-ын хил рүү орж гарах шаардлага үүсдэг. Ордыг ашиглахын тулд ОХУ-тай ойлголцох шаардлага бий болно. 

Тиймээс ордыг ашиглахад ОХУ-тай хамтарч ажиллахаас өөр аргагүй. 2006 онд ОХУ-ын Полиметал гэдэг компанитай хамтарч энэ төслийг эхлүүлэх боломж байсан. Тус компани нь Асгатын ордоос цааш 160 км-т өөрсдийн боловсруулах үйлдвэртэй. Өнөөдрийн байдлаар тус компани руу захиа бичсэн боловч хариу ирээгүй байна. 

АНУ-ын нэгэн компанитай видео уулзалт хийсэн. Зөвлөлт холбоот улсад ажиллаж амьдарч байсан одоо бол АНУ-ын иргэншилтэй хүмүүс. Энэ хүмүүс ордыг ашиглах хамгийн оновчтой хувилбар нь ОХУ болон Казахстаны зүгээс тоног төхөөрөмжийн хангамж хийх нь илүү эдийн засгийн хувьд ашигтайг гэж үзэж байгаа юм билээ. 

Гадаадын хөрөнгө оруулагчтай хамгийн түрүүнд ярих асуудал нь ажиллах нөхцлөө ярих хэрэгтэй байх. Уг ордыг ашиглах ямар боломжтой нөхцөл байна тэр бүгдэд нь тооцоо хийж хамгийн ашигтайг нь сонгох ёстой" гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тайлбарлаж байлаа.