Б.Азжаргал: Төрснийхөө дараа том хэмжээтэй хувцас ховор байдгийг мэдсэнээр "Хөсвгөрүүдийн дэлгүүр"-ээ нээсэн

"БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ" цуврал ярилцлагын зочноор охид бүсгүйчүүдийн дунд хэдийнэ та "Хөвсгөрүүдийн дэлгүүр"-ийн үүсгэн байгуулагч Б.Азжаргалыг урилаа. Тренд болж буй загварлаг хувцсыг бүсгүйчүүдэд зориулж, авчирдаг түүний амжилтын нууц, амьдралын замналын талаар ярилцсанаа хүргэе. 

-"БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ" цуврал ярилцлагын урилгыг хүлээж авсан Танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Б.Азжаргал гэдэг. Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Арван жилийн сургуулиа Архангай аймагт төгсөөд МУБИС-ийн оюутан болж, мэргэжил эзэмшсэн. 

-Хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ. Охин хүүхэд бүхэн дэгжин хувцаслаж, ганган байхыг хүсдэг. Таны хувьд?

-Миний хүүхэд нас хайранд өссөн. Миний аав, ээж намайг маш их эрхлүүлнэ. Охин хүүхдүүдийн адилаар гоёж, гангалах дуртай байлаа. 

-Бизнес эхлүүлэх сэдэл санаа чухам юу байв. Хэзээ эхлүүлсэн бэ?

-Би 2018 онд хүүгээ төрүүлсэн. Бага байхдаа таргалдаггүй. Жингээ маш сайн барьдаг хүүхэд байлаа. Гэтэл төрөөд 120 жинтэй болсон. Таргалсан ч гоё ганган хувцаслахыг хүснэ. Том хэмжээтэй хувцас авахаар интернэтээр хайлт хийж үзэхэд маш цөөхөн дэлгүүр байдгийг мэдсэн. Тэр үед л хөвсгөр бүсгүйчүүдэд зориулж хувцас оруулж ирж, бизнес эхлүүлэх сэдэл төрсөн. 

No description available.-Аливаа ажлыг эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Хөрөнгө мөнгөний асуудал тулгардаг. Таны хувьд хэдэн төгрөгөөр бизнесээ эхлүүлсэн бэ?

-Гэр ахуйн онлайн shop-той байсан. Нэг сая төгрөгөөр эхлүүлж байсан юм. Харин "Хөвсгөрүүдийн дэлгүүр"-ийг ажилуулж эхлэхэд өмнөх бизнес маань түлхэц өгсөн гэж хэлж болно. Албан ёсоор дэлгүүрээ нээсний дараа алдаа, оноо зэрэгцсэн. Нийтэд танигдаагүй учраас хэдхэн үйлчлүүлэгчтэй байлаа. Цар тахал гарч хөл хорио тогтоосны дараа  хүмүүст илүү танигдсан гэж боддог.  Лайв хийхэд их үзнэ.

-Бизнесээ сэтгэлийн хөөрлөөр биш зах зээлээ маш сайн судалсны үндсэнд эхлүүлсэн байх. Хэрхэн судалгаа хийсэн бэ?

-Өмнө нь өөр төрлийн бизнес хийж байсан болохоор зах зээлээ мэдэрсэн байсан. Энэ төрлийн хувцас худалдаалдаг, бизнес хийдэг хүн ховор байгааг мэдсэн учраас сэтгэл шулуудсан. Өөрийн биеэр үзэж туулсан нь судалгаа юм даа. 

-Үүргэвчээ үүрээд, мөнгөө солиулаад хилийн дээс алхана. Анх бол мэдэхгүй чадахгүй зүйлс их тохиолдсон байх. Гэхдээ хүссэн ажлаа эхлүүлж чадах л залуу хүнд урам өгдөг. Анх ямар бүтээгдэхүүн авч ирж байв?

No description available.-Мэдэхгүй чадахгүй зүйл тохиолдоно. Би 16 настайдаа бизнесээ эхлүүлж, жил болоод хүмүүс ажиллуулж эхэлсэн. Ашиг орлого олж, алдагдалд орж, шатаж ч үзсэн. Өөрийнхөө хэмжээнд туршлага хуримтлуулсан нь хэрэг болж байлаа. Хятад түншүүдтэй хамтарч ажиллахад хэлж, зөвлөөд өгөх хүмүүс ч байсан. Гэхдээ хүний нутаг руу явах маш хэцүү. Хаана, юу байгааг нь ч мэдэхгүй. Хүмүүст хулхидуулах асуудалтай ч нүүр тулж байсан даа. Хийх хүсэл байхад ямар ч шалтаг, шалтгаан зовлон биш. Харин тухайн үед тулгарч байгаа асуудлууд намайг улам их хурцалж, ажилдаа хариуцлагатай хандаж, сайжруулахын дохио гэж боддог. Бизнес хийхэд шантармаар олон зүйл тохиолдоно. Тэр бүхэнд ухаалгаар хандаж, стрессдэхийг хүсдэггүй. Тайван байж, шийдвэрлэх гарц гаргалгааг хайна. Багаасаа ээжийнхээ хөдөлмөрч, дайчин байдлыг харж өссөн болохоор надад нөлөөлж чадсан гэж бодсон. Анх бол хятад байдаг сонирхолтой бүтээгдэхүүн авчирдаг байлаа. Гэр ахуйн home decor авчирхаас гадна уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүн оруулж ирнэ. Хөсвгөрүүдийн дэлгүүрийн хувьд шууд хувцас авчирч эхлүүлсэн.

-Авчирсан бүтээгдэхүүнээ худалдаж, ашиг олно. Гэхдээ юм бүхэн урсгалаараа шууд болчихгүй. Анхны үйлчлүүлэгч, анхны орлого урам өгсөн байх...?

-Ашигтай хамт алдаа зэрэгцэнэ. "Ковид-19" гарсан үед алдагдал их гарсан. Гэхдээ шантраагүй. Яагаад гэхээр энэ бизнесээ хийхэд урам зориг өгч ухрахгүй байх том шалтгаан нь миний үйлчлүүлэгчид. Тэднийгээ татсан гэхэд болно. Тиймээс хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөөө хүчээ дайчлан хөдөлмөрлөнө. 

-Хийж эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэхэд эргэлтийн хөрөнгө чухал санагддаг?

-Бизнес хийж байгаа хүнд эргэлтийн хөрөнгө чухал санагддаг. Энэ бизнесийг эхлүүлэхэд хэн ч туслаагүй гэхэд гомдох хүн байхгүй гэж бодож байна. Мэдээж ээж, аав, хань минь түшиг тулгуур болдог ч өөрийн гараараа л би бизнесээ босгосон. Олсон ашгаа бараа болгодог байв. Өөрийгөө нэгдүгээрт тавьдаг хүмүүс байдаг. Би эсрэгээрээ ажлаа л гэдэг. 

No description available.-“Хөсвгөрүүдийн дэлгүүр"-ийг ажиллуулаад хэдэн жил болж байна. Бизнесийн салбарт орон зайгаа олтлоо олон ч зүйлтэй тулгарсан байх. Сэтгэлээс гардаггүй сайхан түүхээсээ хуваалцаач?

-Бизнесийн салбарт орон зайгаа олно, ялангуяа сошиал орчинд. Маш их өрсөлдөөн дундаас тодрох шаардлага тулгардаг. Сэтгэлээс гардаггүй сайхан түүх гэхээр үйлчлүүлэгчдийн чин сэтгэлийн урмын үгс чухал. Надад сайн хамтрагч заяасан. Манай дэлгүүрийн худалдагч охин миний амьдралын сайхан түүхүүдийн нэг. Намайг ямар их зүйлийг амжуулж, болгож бүтээх гэж зүтгэж байгааг маш сайн ойлгодог. Бизнес хийж байгаа хүний хамгийн үнэт зүйл бол сайн ажилтан байдаг.  

-Таагүй сэтгэгдэл төрүүлсэн тал нь?

-Өрсөлдөгчдөөс ирсэн цохилтууд бий. Эмэгтэйчүүд тэр тусмаа бие биенээ дэмждэггүй тал ажиглагддаг. Ээж аав маань бага байхаас хэлдэг байсан. "Хүн зөв явах юм бол зөв л шагнал ирнэ. Харин буруу явбал буруугийнх нь хариу ирнэ. Би яагаад ингэчихвээ гэж асуух хэрэггүй. Өөрийнхөө үйлдлийг хяна гэж хэлдэг байсан.

-Бизнес явуулж байгаа хүн бүхэн өөрийн гэсэн арга барилтай ажилладаг юм билээ.  Таны хувьд ямар арга барилаар ажилладаг вэ.  Мөрддөг алтан дүрэм бий юу?

-Бизнесийн алтан дүрэм гэвэл шударга байх зарчмыг мөрддөг.  Ажиллахдаа ч, хамтрахдаа ч шударга байхыг хичээж ажиллана. Бизнесээ нэгдүгээрт тавина. Цар тахал гарснаас хойш суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг шиг боломжтой бүхий л хувилбарыг эрэлхийлж байна. Залхуурч зүгээр суудаггүй. Боломжийг байнга хайж, гарц гаргалгаа олохыг илүүд үздэг.  Зоригтой тууштай байдаг нь бизнесээ амжилттай авч яваагийн илрэл.

No description available.-Одоогоор нийт хичнээн төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна?

-Маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. 2018 онд дэлгүүрээ нээж байхад Монголын нийт хүн амын 51 хувь нь таргалалттай байсан. Гэтэл одоо 79,6 хувь нь таргалалттай байна. Тодорхой хэмжээний илүүдэл жинтэй байна гэсэн үг. Тарган байхыг бол би дэмждэггүй. Эрүүл мэнд талаасаа ч сөрөг нөлөөтэй. Гэхдээ эмэгтэй хүн бүхэн ямар нэгэн таргалалттай тулгардаг.  Тэр үедээ өөртөө итгэлтэй, стрессдэхгүй байхад нь бага ч гэсэн түлхэц үзүүлж байгаа. Дэлгүүр дээр ирээд хүссэн хувцсаа авч байна. 

-Орлого муудах үе олон тохиолдоно. Хэрхэн даван туулж байна вэ?

-Орлого муудах, сайн болох үе худалдааны салбарт их тохиолдоно. Байх л асуудал. Бизнес эрхэлж байгаа хүмүүс нөөцтэй байх ёстой. Худалдаа хийж байгаа хүмүүс нөөцөнд мөнгө авч үлдэггүй юм шиг санагддаг. Бараа болгоод эргүүлдүүлье гээд хадгалаад байдаг.

Цар тахлын үеэр түрээслэгчтэйгээ нягт хамтарч ажилласны үр дүнд дажгүй даван гарч байна. Орлого муудах үед нөөцөөсөө ашиглана. Бараа сайтай үед бол харьцангуй асуудал тулгарахгүй. 

-Та байгууллга удирдаж яваа ажил олгогч, улсдаа татвар төлж, бизнес эрхэлж яваа залуу бизнесмэн. Одоогоор хэчнээн хүн цалинжуулж байна? 

No description available.-Манайх одоогоор гурвуулаа ажиллаж байна. Хоёр худалдагчтай. Удахгүй хотын төв рүү нэг салбар нээх гээд бэлтгэл ажилдаа орчихсон. Брэндийн арай илүү үнэ шингэсэн бүтээгдэхүүн худалдана.  Өргөжин тэлээд таван ажилтантай болох нь. Ажилчдын минь ард амьдрал өрнөж байгаа гэж бодохоор асар том хариуцлага үүрч яваа ухаардаг. Тиймээс цалингаа цагт нь тавьдаг. 

-Бизнес хийхэд маркетинг маш чухал. Өөрийн тань хувьд маркетингаа хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Мэдээж маш чухал шүү дээ. Өнөөдрийн байдлаар хамгийн чухал маркетинг бол сошиал орчин. Сошиалаар бүх төрлийн маркетинг хийх боломж байна.  Миний хувьд бол сошиал сувгаараа болон байнгын үйлчлүүлэгч дээрээ маркетинг хийдэг.  Хямдрал урамшуулал болон төрсөн өдрөөр нь бэлэг явуулна. Одоогоор өөрөө хариуцаад лайв хийхээс гадна бүтээгдэхүүнийхээ зургийг постлоод бодитойгоор хүмүүст хүргэж байна. Эмэгтэй хүний амьдралд махлаг үе тохиолдоно. Тэр үед битгий гутраарай. Илүү өөртэй итгэлтэй байж, өөр өнцгөөр өөрийгөө нээгээрэй. Манай дэлгүүрийг зорин ирж, үйлчлүүлэхийг хүсье.

С.Ичинхорлоо 

No description available.No description available.