Гагнуур, гарын ур дүйгээр бүтээдэг бичил үйлдвэрлэл

"МОНГОЛ БРЭНД" цувралын зочноор Баянхонгор аймагт брэнд бүтээх зорилготой Д.Жаргалсайханг урьсан юм. Тэрбээр багын найзынхаа хамтаар төмрийг орчин үеийн хийц загварын шийдэлтэй уялдуулж, ширээ, сандал, савлуур, сүүдрэвч, хогийн сав, шатны бариул, цонхны хаалт зэргийг хийж байна. Удам дамжсан алт мөнгөний дархан аавын хүү багын гарын уртай нэгэн байжээ. Баримлын шавраар амьтан хийж, зураг зурах сонирхолтой. "Найзууд" нэвтрүүлэгт өөрийн хийсэн бүтээлээ явуулж, тусгай байранд шалгарч байсан түүх түүний сэтгэлд тод дурсамж болон үлджээ.

Тээврийн жолооч хэрнээ дархан хийдэг ажилсаг хичээнгүй аливаа зүйлийн арга эвийг олоод эвлэгхэн хийчихдэг ааваасаа суралцаж өссөн Д.Жаргалсайхан чөлөөт цагаараа барилгын ажил, гагнуур хийнэ. Баянхонгор аймаг болон сумдуудын тохижилтод гар бие оролцож, хогийн сав, сандал зэргийг хийж байжээ. Үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг байсан бол одоо өөрийн бичил бизнес, брэндийг үүсгэх зорилго тавьснаар хоёр төхөөрөмж бүтээгээд байна. Ингэхдээ Орос, Вьетнам, Хятад улсад ашигладаг төхөөрөмжөөс санаа авчээ. Уг төхөөрөмжөө хоёр сарын хугацаанд уйгагүй хөдөлмөрлөж, олон удаагийн оролдлогоор бэлэн болгосон гэдгээ учирлав.

No description available."Би 2004 оноос гагнуур хийж сурсан. Тэр үеэс сонирхлоороо төмрөөр бүтээл хийж эхэлсэн. Төмрөөр хийсэн бүтээл бат бөх. Хээтэй уялдуулж өгсөн нь өнгө үзэмжийн хувьд шинэлэг санагдсан. Насны хэрэглээ гэсэн үг" гэв. Төмрөөр бүтээл хийх нь баргийн хүний зориглох ажил биш. Хэлбэр, хэмжээ, хийц загвараасаа шалтгаалаад бэлэн болох хугацаа харилцан адилгүй. Нэг сандал хийхэд хоёр өдөр шаардана. Материал сонгож авахаас түүний ажил эхэлнэ. Ажлын байр дээрээ ирж, нэгбүрчлэн хэмжээ авч тайрах процесс үргэлжлэнэ. Дараа нь гагнаж, зүлгэж, будна. Сандлын тавцанг мод болон бүрмэл гэсэн хоёр сонголтоор хийнэ.

Тэрбээр анхны бүтээл болох ширээ, сандлын иж бүрдлийг хийхдээ 200 мянган төгрөгийн материал авч ажлынхаа эхлэлийг тавьжээ. Орон нутагт үйлдвэрлэл явуулж байгаа учир олон саад бэрхшээл тулгарч буйг нуусангүй. Түүхий эд материалаас эхлээд асуудал ар араасаа тулгарч байгаа ч эхлүүлсэн ажилдаа эзэн болж, тууштай үргэлжлүүлэхийн тулд гарц, гаргалгаа хайсаар өнөөдрийг хүрчээ. Материалын зардал, ажлын хөлсөө тооцоолж үнэлгээ тогтоосон ч одоогоор бүтээгдэхүүний нийлүүлэлт муу байна. Өмнө нь дугуй засвар ажиллуулж байсан газартаа өрхийн үйлдвэр ажиллуулж байгаа гэнэ.

No description available."Хил хаалттай байгаагаас шалтгаалж түүхий эдийн үнэ өсөлттэй байна. Улаанбаатар руу ирж материалаа авч байна. Аймгаасаа авбал хэт үнэтэй. Өөрсдөө ирж, ачуулна. Багын найз Д.Өлзийхүүтэйгээ хамтраад брэнд бүтээх гэж явна. Найз маань эксваторын оператор. Нягтан бодогч болон барилгын мэргэжилтэй. Хамтдаа олон ч ажлыг хийсэн. Одоо нэгдээд нэг зүг рүү зүтгэх шийдвэр гаргасан. Захиалагчдын сэтгэлд нийцсэн, чамин чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьдог. "Гоё болжээ. Баярлалаа" гэдэг үгнээс их урамшиж байна. Алдаа гаргавал цаг тухайд нь засч сайжруулаад явахыг эрхэмлэдэг" гэв. Угалз хээгээр урласан бүтээгдэхүүнийхээ ур хийцийг сайжруулж, олон хүнд түгээх нь тэдний хүсэл.

С.Ичинхорлоо

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.