Шатахууны зардлын тодорхой хэсгийг төрөөс гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Ургац хураалтын улирал эхлэх гэж буй энэ цаг үед шатахууны үнийн өсөлт тариаланчдад томоохон дарамтыг үзүүлэх төлөвтэй болоод байгаа юм. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн шатахууны зардлын тодорхой хэсгийг төрөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.  Эл шийдвэрийн хүрээнд газар тариалангийн компаниуд зах зээлийн үнээс литр тутамд 500-600 төгрөгөөр хямд шатахуун худалдан авах аж. Гэхдээ онцгой цаг үеийг тохиолдуулан авч буй, нэг удаагийн арга хэмжээ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм. 

Хаврын тариалалтын үед түлшний үнэ 3,400 төгрөг байжээ. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах дээл дээр өндөр, савлагаатай байгаа энэ үед дотоодын зах зээл дээрх шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг тодорхой хэмжээ, хугацаанд бууруулах зорилгоор үнийн зохицуулалт хийхээр төлөвлөсөн нь энэ аж. Хэмжээний хувьд 500-600 төгрөгөөр хямд буюу нэг литр дизелийн түлшийг 3,400 орчим төгрөгийн үнэтэй байлгах гэнэ. Намрын ургац хураалт болон дараа жилийн эхний хагас жилд шатахууны үнийн нөлөөлөл байхгүй байхаар зохицуулалт хийх аж.

Монголд үйл ажиллагаа явуулдаг хөдөө аж ахуй болон уул уурхайн компаниуд дизель түлш ашигладаг. ТИймээс уул уурхайн компаниуд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор дамжуулан урд хөршөөс шатахуунаа авдаг болох нь зүйтэй гэдгийг салбарын сайд Г.Ёндон хэллээ. Мөн "Казахстан улстай ойр байрлалтай ч дотоодын эрэлтээ хангахын тулд шатахууны экспортоо хориглосон. Хоригийг хагас жил тутам сунгасаар байна" гэсэн юм.