Н.Энхбаяр эргэн ирлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 27-нд нэгэн захирамж гаргажээ. УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлахаас өмнө улс төр, ялангуяа намуудын түвшинд ярьж эхэлсэн гол агуулга нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандын зүгээс Төв талбайд жагсаал зохион байгуулж, 100 мянган иргэнээс гарын үсэг цуглуулснаа УИХ-ын даргад өргөн барьсан нь саяхан.  Сонирхолтой нь, дээр өгүүлсэнчлэн Ерөнхий сайдын гаргасан захирамжид дурдсанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтд оруулах Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ. 

Нэгэн цагт МАХН-ын даргын албатай явсан ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж, ууган нэршлээ татаж буулгаж, төрөлх МАН-аа түшсэн Н.Энхбаярын хувьд тохиролцоо ёсоор хүү Э.Батшугарыгаа нөхөн сонгуулийн үр дүнгээр УИХ-ын гишүүн болгож дэвшүүлсэн нэгэн. Харин энэ удаад УИХ-ын гишүүдийн тоо болон "давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмэх үндсэн агуулга бүхий "Эцэг хууль"-ийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс гардаж ажиллах нь.

Н.Энхбаяр ахлагчтай Ажлын хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд улс төрийн намуудын саналыг нэгтгэж, танилцуулах чиг үүрэгтэй аж. Ажлын хэсэгт:

-Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг,

-Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд,

-Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл,

-Шинэ намын дарга Ц.Гантулга нар багтжээ.

Aжлын хэсэг нь хоёр дэд хэсэгтэй. Нэгдүгээр дэд хэсэг нь Үндсэн хууль, хууль, түүх, улс төр судлаач зэрэг эрдэмтэн, судлаачдын баг бол хоёрдугаар хэсэг нь мэдээлэл, олон нийттэй харилцах баг аж. Нийт ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар боловсруулсан саналаа есдүгээр сард багтаан танилцуулахаар төлөвлөжээ.

Г.Эрхэс