Дэлгэцийн бүтээлийн суурийг Монголд тавилцсан Ц.Туяа

Дэлгэцийн бүтээлийг амилуулах амин зүрх болдог мөртлөө нэр нь дуурсагдсан ч нүүр нь гардаггүй хүмүүс бол зураглаачид. Хагас зуун жил шахам телевиз хэмээх их айлын өнөр бүлд багтаж, салбартаа оператор Ц.Туяа нэрээр алдаршсан анхны эмэгтэй зураглаачдын түүчээ болсон эгэл энэ хүмүүний хүүхэд нас, ажил, амьдралынх нь талаарх жимээр “алхлаа”.

Тэрбээр нийслэлийн нэгдүгээр сургуулийг төгсч оюутны он жилээ ОХУ-д өнгөрөөсэн нэгэн. Кино үзэхдээ өөрийн эрхгүй уйлдаг байсан хүүхэд, зураглаачийн мэргэжил сонгосон түүх нь ихэд сонирхолтой. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, МУИС-ийн Математик, физикийн ангид суралцахаар болжээ. Гэтэл гэнэт Дээд боловсролын хорооноос түүнийг Москва хотын Кино урлагийн дээд сургуульд зураглаач мэргэжлээр сургах шийдвэр гаргасан байна. Энэ тухайгаа “Зураглаач мэргэжлийг би өөрөө сонгоогүй. Сургуулиа амжилттай төгссөн гээд шууд намайг томилчихсон байсан. Суралцахгүй гэж нэлээд зөрүүдлэсэн. Гэвч төрөөс гаргасан шийдвэрийг зөрчих эрх байхгүй учраас явахаас өөр ямар ч сонголт надад байгаагүй. Тухайн үед 15 хүүхдийг сонгож явуулсан санагдана. Хоёр жилийн дараа  МҮОНРТ-ийг байгуулж боловсон хүчнээ бэлтгэж байсан үе” гэлээ.

Орос хэлнийхээ хичээлийг онц дүнтэй төгссөн ч Москвад очоод суралцахад мэдэхгүй зүйл их тулгарчээ. Гэвч түүнд шантрах эрх байсангүй. Төрийн томилолтоор яваа болохоор илүү сайн суралцаж, эх орондоо түүнийгээ телвизийн салбарын хөгжилд оруулах үүрэгтэй. Олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн суралцаж явсан ч анхан шатны ямар нэгэн мэдлэггүй байснаа Т.Туяа багш хэлж байв.

“Манайхаас бусад орны оюутнууд зураг авах анхны мэдэгдэхүүнтэй, бичлэг хийдэг байсан. Гэтэл бид камер ч мэдэхгүй. Монголоос операторын ангид дандаа охидууд ирэх юм гэнэ. Миний өмнө Мөрөн гуай суралцсан. Дараа нь Тунгалаг бид хоёр нэг ангид суралцахаар очиж билээ. Ийм хүнд мэргэжилд эмэгтэй хүүхэд явуулах юм гэж багш нар ярьдаг байсан. Камер, хөл үүрч явна . Багш найруулагч, жүжигчний ангид орж болох уу гэж асуухад “Операторын мэргэжлээр сургахаар явуулсан. Тиймээс би заавал оператор болно” гэж хариулж билээ. Манай ангийн 33 оюутнаас гурав нь эмэгтэй. Тунгалаг бид хоёроос гадна Польшоос нэг охин ирсэн. Ангийн хөвгүүд “Та хоёр нутагтаа очоод яаж хоолоо олж иднэ ээ, хэцүү дээ, хэцүү гэдэг байсан. Одоо бодоход камер үүрээд явахыг хэлээд байсан юм шиг байна лээ” гэж инээмсэглэв.

Тухайн үеийн ЗХУ-ын боловсролын тогтолцоо, сургуулийнхаа тоног төхөөрөмж, суралцах орчин нөхцөлийн сайн бүрдүүлж өгдөг байсан гэнэ. Оюутан бүрт зургийн аппарат, хальс зэргийг хангалттай өгдөг байжээ. Хар, цагаан, өнгөт хальсаар зураг авна. Техник тоног төхөөрөмж дээр байнга ажиллах нөхцөлийг хангадаг байсан нь эх орондоо ирээд ажлын талбарт гарахад илүү дөхөм байсан биз.

Таван жил суралцаж ирэхэд МҮОНРТ-ийг байгуулаад хоёр жил болж байсан гэдэг. Үндэсний телевизийн өнөр бүлд багтаж, ажлынхаа гарааг туслах зураглаачаар эхлүүлжээ. Хэвлэл мэдээллийн салбарт шинээр төгсч ирсэн оюутанг туслахаар ажиллуулж, ажлаа сайн хийж суртал нь дагалдуулж ажиллуулна. Гадаадад онц дүнтэй төгссөн эсэх нь сонин биш. Тиймээс Ц.Туяа ч мөн адил хэсэг хугацаанд жилийн турш цалингүй дагалдан хийжээ. Энэ талаар асуухад “Туршлага хуримтлуулж, олон зүйлийг сурч, жилийн дараа оператор хийж эхэлсэн. Одоо үе шиг шууд ажилд орно гэсэн ойлголт байхгүй. Дагалдан хийж, Агваанрэнцэн багшийнхаа камерыг зөөж, олон зүйлийг сурч авсан даа. Мэдээ, сурвалжлага, ярилцлага, нэвтрүүлэг гээд багш хаана явна, тэнд нь дагаад явдаг байсан. Анх түүхийн эрдэмтэн Дашжамц гуайн илтгэлийн зургийг авч байсан. Олон хүний урд гараад их ичиж байсан” гэж хариулсан юм.

Арга ч үгүй биз. Аливаа ажлыг хийж сурахад эхлэл нь мэдээж хэцүү. Хийх тусам аргыг нь олж, бага багаар сайжирч ажилдаа гаршина. Тэр үеийг Ц.Туяа тойроогүй дайрч гарсан гэдэг. Тиймдээ ч тэрбээр өнөөдөр телевизийн төдийгүй Монголын нийгмийн сайн хийгээд саар түүхийг камертаа бичиж, архив болгон үлдээжээ.

Түүнийг жил дагалдан хийж, үндсэн ажилтан болоход ажлаас нь “Адмир” гэдэг камер хүлээлгэж өгчээ. Будаг нь ханхалсан шинэхэн зураглаачид өөрөө хариуцаж ажиллах камертай болно гэдэг сайхан ч хариуцлага давхар дагаж явах нь ойлгомжтой. Одоо үе шиг техник технологи хөгжөөгүй учраас бүхнийг гараараа хийнэ. “Оператор бид мэдээний зурганд эхэлж явна. Манай салбарынхан өдөр бүр шинэ зүйлийг харж, мэдэж, суралцаж явдаг.

Цаг хугацаа өнгөрөх тусам л техник тоног төхөөрөмж шинэчлэгдэж байсан. Анх хар, цагаанаар авдаг байсан. Технологи хөгжиж өнгөтөөр авч эхэлсэн. Баримтат кино, нэвтрүүлэг их хийж байсан. Редакциас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хүүхдийн редакци, суртал гээд бүхий л нэвтрүүлгийн зурганд явж байлаа. Зохиол нь гарч, батлагдсан зурганд явна. Батлагдаагүй зурганд явах эрх байгаагүй” гэв.

Ажиллаж байхдаа авсан зургаа ч харж чадалгүй оройн эфирээр хардаг байсан гэнэ. Техник технологи хөгжихийн хэрээр телевизийн салбарт асар их өөрчлөлт гарсан. Камераа үүрээд алс хязгаар хүртэл явж, аян замынхаа тэмдэглэлийг цэнхэр дэлгэцээр үзэгчдэд үзүүлдэг хүмүүс бол зураглаачид. Тэрбээр эх орныхоо өнцөг булан бүрт очжээ. Монгол Улсын бүх аймаг, сумдаар камераа үүрсээр он цагийн хүрдийг камертаа буулгаж чадсан цөөхөн хэдэн эмэгтэй зураглаачдын нэг нь Ц.Туяа. Одоо ч тэр өөрийн сурсан мэдлэг, ажлаас олж авсан олон арван туршлагаа шавь нартаа зааж, сургасаар телевизийн салбар тэр дундаа зураглаачийн ур ухаан, зураг авах арга барилыг олгосоор байна. Телевиз бүрт түүний шавь нар ажиллаж, үзэгчдэд шинэлэг мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд гар бие оролцон яваад бахархмаар.

Ц.Туяа багшийн хувьд 1996 оноос Радио телевизийн сургуульд багшилж эхэлжээ. “1996 оноос эхэлж, сургуульд цагийн багшаар хичээл зааж эхэлсэн. Ажлаас олж авсан туршлагаараа хичээл зааж, лекц ордог байлаа. Операторын мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авалга гэж байхгүй. Оюутан байхдаа сурч авсан мэдлэг их хэрэг болсон. Оператор хүн бол биеийн хүчний ажил хийхээсээ гадна оюуны хөдөлмөр давхар хийдэг. Зургаа хэрхэн яаж, ямар өнцгөөс авах талаар бодохоос зураглаач хүний ажил эхэлнэ” гэв.

Цаг наргүй ажилладаг хүмүүс бол хэвлэлийнхэн. Өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл ажиллана. Хийж буй ажлаа чанартай хийж, үзэгчдэд хүргэхийг зорьдгоос бус хэзээ тарж, гэртээ харихыг мэдэхгүй. Гадаад дотоод төдийгүй хаашаа томилолтоор явахыг нь редакциас үүрэг өгнө. Зөрчих эрх тэдэнд байхгүй. Камераа үүрээд л өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үзэгчдэдээ мэдээлэл хүргэхээр явна. Түүний хамгийн анхны гадаад улсын томилолт бол Киргиз гэнэ. Азийн орнуудад ажлын шугамаар олон удаа очсон тухайгаа хэлсэн юм.

Зураглаач мэргэжлийг эмэгтэй хүнд хэцүү мэргэжил гэх нь бий. Гэхдээ Ц.Туяа багшид шантарсан удаа гэж байхгүй. Харин ч сурсан мэргэжлээрээ бахархаж, илүү сайн зураг авахыг хичээдэг байсан гэнэ. “Камераа үүрээд л явна. Зуны халуун, өвлийн хүйтэнд л зураг авахад хэцүү байдаг. Камер хөлдөж, царцана. Тийм л бэрхшээл тулгардаг байсан. Тэр бүгдийг даваад л гарна” гэв.

Ийм нэгэн эгэлгүй хэрнээ, энгийн эмэгтэйтэй хууч хөөрсөн нь энэ. Оюутан ахуй цагаасаа төрөөс томилолт авч, оператор мэргэжил эзэмшсэн тэрбээр одоо ч түүнийхээ үр шимийг хүртээж, бас өвлүүлж явна. Үндэсний телевизийг байгуулаад хоёр дахь жилтэйгээ золгож байхад нь дадлагажигчаар ирсэн тэрбээр түүнээс хойш өнөөг хүртэл хугацаанд тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж, нэгэн үеийн операторуудыг бэлтгэн гаргахад гар бие оролцжээ. Телевизийн ялангуяа дэлгэцийн бүтээлийг амьлуулахад голлох үүрэгтэй оролцож ирсэн ийм л нэгэн эрхэм хүндтэй эгэл даруухан хүмүүнийг төр үнэлж, тун удахгүй МУСГЗ-ий тоог нэагээр нэмнэ гэдэгт итгэж хүлээх хүмүүс олон буй биз ээ.

С.Ичинхорлоо