Л.Мөнхбаатар: Aвлигын эсрэг тэмцлийг улам чангатгах шаардлагатай

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар иргэдийн өргөдөл бол шударга ёсны талаарх нийгмийн захиалга гэж үзэж байгаагаа илэрхийлээд авлигын эсрэг тэмцлийг улам чангатгах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлаас ялын бодлогыг чангатгаж авлигын хэрэгт торгох ял оногдуулах зохицуулалтыг халж, зөвхөн хорих ялаар шийтгэдэг болгосны дээр хорих ялын хугацааг 12-20 жил болгож уртасгаад байгааг тэрбээр тодотгож, хэдийгээр ялыг чангаруулсан ч гэлээ хууль бус хөрөнгөжсөн этгээдийн хөрөнгийг хураах эрх зүйн орчин, хэрэгжилт хангалтгүй байгаа гэх иргэдийн шүүмжлэлтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн Засгийн газар өмнө нь өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцтой уялдуулах шаардлагын улмаас татан авч, дахин боловсруулж байгаа гэдгийг танилцуулаад, удахгүй өргөн барина гэлээ.