Хил холболтын төмөр замын “БЭТ” нь Ерөнхий сайд өөрөө байх нь!
С.Баяр: Нөхдөө хараад би дарвайтлаа уйлсан
Санжийн Баяр. Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд болсон үеэс нь энэ нэр улс төрд ёс юм шиг бичигдэж бас “хадагдаж” иржээ. Оюу Толгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, Тавантолгойг Төрд авах шийдвэр гаргаж, алх цохьсон өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд түүн рүү чиглэсэн улс төр, нийгмийн шүүмжлэл, магтаал намжсангүй, сүүдэр мэт түүнийг дагасаар л байна. Сайн муу аль ч үгэнд элдэв тайлбар хэлдэггүй, хааяахан олон нийтийн сүлжээнд жиргэж, эсвэл хэвлэлийн хуудсаар ховор “зочилдог” түүнтэй ярилцлаа.
Бидний яриа улс орны нөхцөл байдал, үүнийг тойрсон олон асуулт хөндсөнгүй. Нэгэнт улс төрийн цагаа тайлаад тавьсан хүнээс энэ сэдвийг асуух нь олон нийтэд гэхээсээ өөрт нь сонирхолгүй байж мэднэ. Харин өнөөг хүртэл ам нээж байгаагүй анд нөхөрлөл гэх сэдвийн хүрээнд хариулт авахыг зорилоо. Анхнаасаа улс төр ярихгүй гэж яг цав тохирсон бид хэд хэдэн удаа уулзаж, утсаар холбогдсоны үндсэнд С.Баяр дарга сая нэг юм ярилцлагаа гүйцээснийг энд тодотгоё.
-Тантай энэ удаад улс төр ярихгүй гэж бодож байгаа. Улстөрчийн өнцгөөс л дүгнүүлж, бичүүлж ирсэн нь таныг илэрхийлэх гол имиж болсон. Нийгэм тэгж хүлээж авдаг, бас хүлээн зөвшөөрдөг. Харин Санжийн Баяр гэдэг хувь хүнийнх нь талаарх мэдээлэл тийм нээлттэй биш. Та өөрөө ч ийм сэдвээр ам бараг нээж байгаагүй, тийм үү?
-Би хувийн сэдвээр ярилцах дуртай биш. Ялангуяа улс төрийн идэвхтэй хүрээнд байхдаа бүр дургүй байсан. Ийм сэдвээр ярилцах бодол сонирхол надад үгүй гэдгээ би эхнээсээ хэлдэг ч, сэтгүүлч нар хувийн амьдралын талаар надаас асууж л байдаг. Яалтай билээ. Ярилцлагын явцад гэмгүй ганц нэг асуулт гарвал түүнд нь товч хариулсан болоод л өнгөрдөг байсан.
-Асуултыг гэмтэй, гэмгүй гэж Та яаж заагладаг юм бэ?
-Гэмтэй, гэмгүйг зааглаж ядах юмгүй. Хувийн амьдрал руу хэт өнгийсөн, эсвэл хөнжил дэвсгэр сөхсөн асуулт тавих гэдэг. Тэр тохиолдолд түс тас шулуухан “Дараагийн асуултаа асуу” гээд явчихсан нь дээр. Улс төрд орлоо гээд хүний тооноос хасагдсан биш. Хэнд ч гэлээ хувийн амьдрал, хувийн нууц гэж бий. Тэрнийгээ олны өмнө дэлгээд суухыг хэн хүсэх юм.
-Улстөрд орсон хүнд хувийн амьдралын нууц байх ёсгүй гэдэг биз дээ?
-Хүн хүний хандлага ойлголт өөр. Хувийн амьдралаа үзэсгэлэнгийн үзмэр шиг дэлгэх дуртай хүн бас байдаг. Улс төрд орсон хүмүүс дунд ч байна. Би бол “хувь, хувьсгалын амьдрал тусдаа” гэсэн өөр хандлагатай. Улс төрийн идэвхтэй орчинд байгаа хүн хувийн амьдралаа тас нуух нь хаашаа юм. Боломж ч үгүй. Ам бүл, орлого зарлага, өмч хөрөнгө, байшин сав гэх мэтийн асуудал ил тод байх нь ардчилсан нийгмийн шаардлага. Тэрнээс юу байна хамаг байдгаа ил задгай яриад явах нь утгагүй, тэг гэж шаардах нь ч буруу. Харин улс төрөөс холдсоны дараа бол хувийн амьдралаа ярина уу, байна уу, түүх дурсамжаа бичнэ үү, болино уу, хамаа алга гэж боддог.
-Дурсамж гэснээс таны бичсэн “Жар хоног, Жарны бутархай” номыг уншсан. Тэр номонд “Арав хүртлээ би “гахай” Баяр гэж хочлуулдаг, цулцгар цагаан хүүхэд байлаа” гэж одоогийн Санжийн Баяр гэх хүний дүр төрхтэй харьцуулахад итгэмээргүй бичсэн байсан...
-Үнэн юм үнэнээрээ сайхан. Ерөөс дурсамжийн үнэ цэн үнэн мөндөө оршдог гэдэг. Шилжилтийн нас хүртлээ би мантуу шиг цулцайсан амьтан байсан минь үнэн. Эмээгийн эрх банди нар тиймэрхүү л байдаг. Бүдүүн цулцгар тэр төрх, “эмээгийн эрх банди” гэх тэр статус зэргээсээ болж би муугаа их үзсэн. Гадаа гарахаар хүүхдүүд шоглох гээд байх тул аргагүйн эрхэнд гэртээ сууж ном их уншина. Наснаасаа ахадсан ном голдуу уншихыг минь яана. Бэрхшээл зовлон үзсэн хүн бусдаас илүү бодлогошромтгой, “философилог” гэмээр болж ирдэг нь жам биз (инээв). Гунигтай тэр зурвас үеийг би туулсан.
-Тэрхүү зурвас үеэсээ та яаж гарсан юм бэ?
-Арван дөрөв тав хүрээд би гэнэт суга өсч метр ная болов. Тарга тэвээрэг маань шуугдан алга болж, булчин шөрмөс сууж эхэлсэн. Ном унших цаг зав үгүй болж, гэртээ тогтохоо болив. Гадаа гудманд өнждөг хүүхэд ямар болж, нэг талаасаа яаж эвдэрч, нөгөө талаасаа яаж өсч хэрсүүждэг билээ. Дөчин мянгатын олон хүүхдийн туулж ирсэн тэр л замыг би өсвөр насандаа туулсан. Онохоосоо алдах нь их явсан. Нуух юм алга. Үнэн юм үнэнээрээ сайхан.
-Байрныхаа хүүхдүүдэд шоглуулж явахдаа Бат-Үүл гэх хүүхэдтэй нударга зөрүүлж, нармайг нь нээснээр бусдад өөрийгөө Та хүлээн зөвшөөрүүлсэн гэдэг. Өөртөө итгэлтэй болоход “урам өгсөн” тэр хүн бол одоогийн Бат-Үүл баатар. Тэр үеэс гэмгүй сайхан нөхөрлөх эхлэл тавигдсан гэж ойлгодог. Та хоёр дахин гар зөрүүлж байсан удаа бий юу?
-Үгүй байх. Санах юм алга. Дахин гар зөрүүлсэн байлаа ч сүйдтэй юм болоогүй биз. Дунд сургуульд байх үед Үүл бид хоёрын байр харьцангуй хол зайтай, одоогийн Цэрэндоржийн өргөн чөлөөний наана цаана, өөр өөр сургуульд явдаг байсан учраас бид хоёр нэг их ойр дотно байгаагүй. Мэнд мэдээд л зөрдөг дөчин мянгатын хоёр пацаан. Харин сүүлд, нас биес маань гүйцээд, эхнэр хүүхэдтэй болох үед бид хоёр нэг мэдсэн чинь нэг байр, бүр нэг орцны хүргэд болчихсон байсан. Э.Бат-үүл Одон орны судлалын төвд эрдэм шинжилгээний ажилтан, би МОНЦАМЭ-д сурвалжлагч байсан үе шиг санагдана. Нэг орцонд суугаа хоёр чинь ойр ойрхон уулзана, том том юм ярина. Олон зүйлээр санал нийлнэ, зарим дээр санал зөрнө. Тэгтэл ардчилсан хувьсгал болж, улс төрийн зам хоёр тийш салсан. Гэхдээ бага залуугийн гэмгүй үерхэлийн сайхан дурсамж, сайхан ул мөр үлдэлгүй яах вэ. Бид хоёр одоо ч найзууд.
-"Дөчин мянгат"-ын тухай олон домог байдаг юм шиг. Энэ талаар Танаас асууя. Бат-Үүл багадаа их зоригтой, олон хүнтэй ганцаараа тулж зодолдохоос айдаггүй хүүхэд байсан гэж Танай үеийнхэн ярьдаг юм билээ. Энэ үнэн үү, эсвэл танай “Дөчин мянгат”-ын бас нэгэн домог уу?
-Орон нутаг болгон өөрийн домогтой. Манай “Дөчин мянгат” ч ялгаагүй. Ихэнх домгийн үлэмж хэсэг нь уран зохиол байдаг. Харин сая чиний асуусны хувьд гэвэл худлаа домог биш. Оюутан байл уу, ахлах ангийн сурагч байхдаа билүү Бат-Үүл олон хүнтэй ганцаараа үзээд, газар уначихсан өшиглүүлж байхад нь бид салгаад авч явж байснаа санаж байна.
-Хэнтэй, яагаад тэгж зодолдож байсан юм бол оо?
-Тэр үед байр байраараа сүрэглэн бүлэглэдэг байж. “Мангарынхан” хэмээх тэр үеийн... юу гэмээр юм бэ дээ... ТББ-ын гишүүдтэй гэх үү дээ (инээв) мань эр үзэлцэж байхтай нь бид санаандгүй таарсан юм. Гав ганцаараа үзэлцсэн хүн чинь арваад хүнд навсайтлаа зодуулна биз дээ. Тэд яг юунаас болж, яагаад зодолдосныг одоо санахгүй байна. Юутай ч “Олуулаа ганц хүнийг яаж байгаа нь энэ вэ” гэхэд “Энэ чинь өөрөө өдөөд салахгүй байна. Бушуу аваад яваач наадхаа” гэж тэр ТББ-ынхан хэлж байсныг бол санаж байна. Ерөөс Бат-Үүл бол олон хүнтэй, олон фронтоор зад үзэлцэхээс сийхгүй нөхөр. Эр зориг нь дэндээд үү, эрүүл ухаан нь дутаад уу, би хэлж мэдэхгүй. Одоо ч тэр зангаа тавиагүй яваа харагддаг.
-Та тэгвэл ямаршуу хүүхэд байсан вэ?
-Өө, надад тийм мангар эрэлхэг зориг байгаагүй. Одоо ч байхгүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Бие махбодийн онцлог зэргээсээ хамаарч би илүү “философилог” болж өсөхөөс өөр арга надад үлдээгүй. Сайнаар хэлвэл эрүүл ухаантай, саараар хэлвэл муу санаатай хүүхэд байсан юм шиг байгаа юм (инээв).
-Э.Бат-Үүлээс өөр нэгэнтэй та гар зөрүүлж байв уу?
-Бага балчир байхдаа үе тэнгийн хэдтэйгээ гар зөрүүлж яваагүй, нармайгаа нээлгэж, бусдын нармайг нээж үзээгүй хүүхэд байхгүй биз. Миний хувьд гэвэл нээж явсан нь цөөхөн, нээлгэж явсан нь олон байх шүү.
-Улаанбаатарын анхны байшин хорооллын төв цэг болсон танай “Дөчин мянгат”-аас өнөөх айхтар нэр хочтой атмаанууд олон “төрсөн” гэдэг?
-Бидний үеийн үүх түүх онцлогтой. Бидний эцэг, эх бол бараг бүгд л хөдөөнөөс нүүж ирсэн, сургууль соёл, ажил төрөл хөөцөлдөж хотод суурьшсан иргэд. Бид бол хотод төрж өссөн эхний үеийн төлөөлөл. Том хотын орон сууцны хороололд олноороо зэрэгцэн оршиж, энэ орон зайтайгаа дасан танилцаж явсан багачууд. Хот суурин бүрдэж байсан тив, дэлхийн бүхий л газарт залуус сүрэглэн нийлдэг, сүрэг дотроо болон гадагшаа өрсөлдөн тэмцдэг явдал нийтлэг юм билээ. Дош довны атмаан гэгчид нь энэ өрсөлдөөн тэмцлийн үр дүнд тодорно. Зөвхөн манай “Дөчин мянгат”-д ч биш “Дэнжийн мянга”, “500 айл”, “Комбинат” гээд хаа сайгүй л том жижиг атмаан одоогийн хувилгаад шиг тодордог байж. Тэдний дунд олноо өргөмжлөгдсөн лидер өгөгдөхүүнтэй нь ч байсан, “хуурамч Дамбийжаа” нар ч энд тэнд бүртэлзэж харагддаг л байсан.
-Дошны атмаан гэх тэр нөхдүүдтэй та нүүр тулж байв уу. Атмааныг дарж атмаан болдог гэгчээр Бат-Үүл та хэдийг бас ч гэж зүгээргүй явсан гэх юм билээ. Үүх түүх нь үлгэр домог мэт яригддаг, тийм үү?
-Тэдэнтэй нүүр тулж, халаасны задгай мөнгөөрөө хохирох явдал гардаг л байв. Зарим нь арай давраад байхаар хэрэндээ эсэргүүцэж хариу барьдаг л байсан. Гэхдээ мань мэт бол атмаан затмаанаас хол явахыг хичээдэг, байр орцныхоо хэмжээний дэггүй банди нар л байсан юм шүү дээ.
-Хот, суурин газрын залуус сүрэглэн нийлдэг нь түгээмэл үзэгдэл гэж Та хэллээ. Монголын онцлог гэж үүнд бий юу, та юу гэж бодож байна?
-Дэлхийн том хотуудад залуус сүрэглэн нийлж, гэмт бүлэглэлүүд үүсч ирсэн түүхийн талаар нэг сонин ном уншиж байлаа. Олон зуун жилийн өмнө аж үйлдвэржилт ахих хэрээр хот суурин газар үүсч байсан түүхтэй холбоотой үйл явц юм билээ. Манайхаас огт өөр. Манайд урбанжилт үзэж эхэлсэн өсвөрийн багачууд сүрэглэж байсан бол Нью-Йорк, Чикаго зэрэг хотод ажил төрөлгүй залуус болон томчууд олноороо сүрэглэн том, том гэмт бүлэглэл үүсч байсан юм билээ. Тэр үе АНУ-ын албан ёсны түүхэнд хүртэл орсон байдаг.
-Тэр тухай “Gangs of New York” бил үү дээ кино ч хийсэн санагдаж байна?
-Зөвхөн АНУ-д ч биш, тэр үед үүссэн Сицилийн “Коза Ностра”, Японы якуза зэрэг нарийн зохион байгуулалттай, олон зуун хүн хамарсан мафи одоо хүртэл оршин тогтносон хэвээр. Манайх бол өөр л дөө. Түрүүн тоглоом шоглоомоор ТББ гэж нэрлэсэн “сайн дурын уран сайханчид”-ын гэмээр жижиг сажиг бүлэглэлүүд энд тэнд бий болж гэж дуулддаг л байсан. Гэхдээ цөөн хүн амтай, архаик нүүдэлчин уламжлалтай манай улсад бол АНУ, Италийнх шиг тийм хэмжээний, тийм зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсэх улс төр, эдийн засаг, нийгмийн үндэс суурь, нөхцөл нь байгаагүй. Тийм үндэс суурь нь хэзээ ч бүү бүрдээсэй л гэж залбирахаас.
-“Дөчин мянгат” гэхээр С.Баяр, Э.Бат-Үүл, Б.Долгион тэргүүтэй нэрс хамгийн түрүүнд буудаг. Тухайн үеийн хүүхэд, залуусын нөхөрлөж, найзлах нэг шалтгаан нь дуу, хөгжим байсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тийм шүү. Одоо цагийн хэллэгээр бидний гол энтэртаймент бол дуу хөгжим, пянз бичлэг байлаа. Э.Бат-Үүл багаасаа л үүнийг сонирхсон. Сүүлдээ бүр “донтсон” гэмээр болж ирсэн хүн. Тэр үеэс эх авсан арвин цуглуулгатай. Б.Долгион сонсохоос гадна өөрөө дуулж хөгжимддөг, эцэс сүүлдээ хөгжим зохиодог болсон. Би бол зүгээр л өнгөц сонирхогч, дагалдан баясагч нь явж ирсэн.
-“Дөчин мянгат”-ынхан нийлж, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн өргөн чөлөөнд “Битлз” хамтлагийн хөшөөг байгуулсан. Хөшөөний нээлтэд та Ерөнхий сайдын хувиар оролцож байсныг санадаг юм?
-Зөвхөн хөшөөний нээлтэд нь очсон төдий юм биш. Энэ хөшөөг “Дөчин мянгат”-ынхаа төв цэгт нь босгох санаачилга анх гаргасан, зураг төслийг хийх болон бүтээн босгох ажлыг санхүүжүүлэх хандивын аян эхлүүлсэн хүмүүсийн нэг нь. Хөшөөг нээх ёслолд олон хүн цугласан. Их Британийн Элчин сайд хүртэл ирж сайхан үг хэлсэн. “Битлз” хамтлагийн амьд сэрүүн байгаа Пол Маккартни, Ринго Стар хоёрыг Монголд урих санаачилга маань харин биелээгүй л байна. Би Их Британид Элчин сайд байхдаа тэр хоёр эрхэмтэй уулзах хүсэлт тавьсан. Уулзалтыг зөвшөөрсөн эелдэг хариу ирүүлсэн. Гэхдээ тийм уулзалт болж амжаагүй. Би ч Лондонд жил гаруй болоод л дотоодын улс төрийн улмаас эгүүлэн татагдсан. Өдгөө өндөр настай болсон Пол Маккартни, Ринго Стар гэх хоёр эрхэм Итали, Франц, Швейцар зэрэг нарлаг, дулаахан улсад ихэнх цагаа оршин суудаг, эх нутагтаа хааяа л ирдэг бололтой юм билээ.
-Уг нь тэр хоёр Монголд ирсэн бол мөн сайхан аа...
-Харин тийм. “Битлз” хамтлагийн тэр үеийн манай багачуул, залууст үзүүлсэн эерэг нөлөө маш их. Манай рок, поп хөгжмийн үүсэл хөгжил ч тэднээс л эхтэй. Пол Маккартни, Ринго Стар хоёр хамтдаа, эсвэл аль нэг нь манайд ирсэн бол тэднийг дагаад медиа олон сурвалжлагч нар ирж таарна. Орчин цагийн Монгол Улс хоёр том хөршөөрөө дэлхийгээс бараг таслагдсан байсан ч рок, поп хөгжмийн хувьд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж явсан тухай өвөрмөц нэгэн түүх, эерэг сурталчилгаа болох юм.
-Нийгэм нь өөрөө хаалттай, хатуу дэг журамтай, хяналттай явсан үед барууны хамтлаг, дуучдын мэдээлэл, уран бүтээлийг хаанаас олж сонсдог байсан юм бэ? Ховрын бараа гэдэг шиг л хүссэн нь олоод авчихдаг эд биш?
-Амьд хүн аргатай. Үнэхээр олъё гэвэл юу ч л олдоно. Барууны хамтлаг, дуучдын пянз, бичлэг орж ирдэг гол суваг Зүүн Европын орнуудад олноороо сурч байсан манай олон зуун оюутнууд. Ялангуяа Поланд, Чехословак, Унгар, Зүүн Германд сурч байсан залуус барууны соёлын үрийг нутагтаа буцаж ирээд суулгасан. Өөр нэгэн суваг нь эдгээр болон хөрөнгөтөн гэгдэх орнуудад ажиллаж байсан манай дипломатууд, тэдний ар гэрийн хүмүүс нь. Бас нэгэн суваг нь манайд ажиллаж байсан Зүүн Европын орнуудын мэргэжилтнүүд. Би л гэхэд өөрийн дуртай “Битлз”, “Би Жийс”, “Ролинг Стоунс”-ын пянзыг манай “Биокомбинат”-д ажиллаж байсан унгаруудаас авч байлаа. Унгарын мэргэжилтнүүдийн нэг хэсэг нь Төв банкны урд талын байранд суудаг байсан юм. Бат Үүл, “Пацаан” Зоригоотой хамт тэдэн дээр очиж пянзны наймаа үсэргэж явсан түүх бий.
-Саяхан л нударга зөрүүлж явсан нэг дошныхон одоо улс төр, урлаг соёл болон бусад салбарт өөрийн гэсэн мөртэй, нэртэй болжээ. Одоо эргээд бодоход энэ хүртэл үерхэж, нөхөрлөж ирсний гол учиг нь юундаа байв?
-Учигсаад байх юу байх вэ дээ. Хүн бахь байдгаараа л байхад хангалттай. Байж байгаа нь зүгээр санагдвал түүнтэй үерхэнэ. Зүгээргүй санагдвал орхино. Тэгээд л тэр шүү дээ.
-“Улс төр бол амьдралын нэг л хэсэг. Өчүүхэн хэсэг нь” гэж та хэлж байсан удаатай. Улс төр ярихгүй гэж та бид хоёр тохирсон ч, би улс төр талаас нь биш амьдрал талаас нь танаас ганц нэг юм асуумаар байна. Улс төрд олон жил болж, олон хүнтэй уулзаж учирч, хамтарч, өрсөлдөж явсан хүний хувьд та олон найз, анд нөхөдтэй болсон биз дээ?
-Найз, анд нөхөр гэж хоёр тусдаа ойлголт гэж би боддог. Би улс төрд байхдаа олон найзтай болсон. Харин тэр орчноос анд нөхөртэй болж байгаагүй юм байна. Бага залуугаасаа үерхэж ирсэн зарим анд нөхөд маань миний адил улс төрд орсон нь бол бий. Улс төр бол ажил. Бодлого, тооцоонд суурилдаг ажил. Анд нөхөд бол хувийн амьдралын салшгүй хэсэг. Энэ хоёр хоорондоо хутгалдах нь дэмий. Улс төр болон бизнесийн ажлыг найзан дундаа хийх гэвэл бүтэхгүй талдаа. Үүнийг амьдрал олон удаа нотолсон. Ажил ч үгүй, найз нөхөр ч үгүй болох тохиолдол цөөнгүй. “Хувь, хувьсгалын амьдрал тусдаа байг” гээд байгаа маань цаанаа бас ийм ч учиртай.
-Нөхөрлөлийн үнэ цэн яг юунд оршдог гэж та боддог юм?
-Нөхөрлөлийн үнэ цэн чин сэтгэлд л оршино биз дээ. Бодлого юм уу, тооцоон дээр анд нөхөрлөл тогтохгүй нь ойлгомжтой.
-Та Улсын Ерөнхий сайд байж үзлээ. Улс төрийн хоригдол ч болж үзлээ. Энэ хооронд түшиг тулгуур болсон анд нөхөд танд байсан нь дамжиггүй?
-Бага залуугаасаа үерхсэн, зовлон жаргалаа хуваалцаж ирсэн итгэлт хэдэн анд надад бий. Нэг хэсэг улс төрийн захиалгаар “тээрэмдүүлэхэд” тэднийхээ ач тусыг би дахин мэдэрсэн. Хорих ангид намайг ээлж ээлжээр тэд маань эргэдэг байлаа. Ерөнхий сайд байхад надтай тийм олон уулзаж, ингэж олон эргэж байгаагүй нөхөд шүү дээ. Түүнээс гадна ар гэрийг минь, хөгшин ээжийг минь харж хандаж байсан. Сүүлд хоригдож байсан хөдөөний хорих ангиас суллагдаад хашааны хаалгаар нь гарахад бүгд ирчихсэн гозойж байгааг хараад би аргагүй нулимс дусааж дарвайтлаа уйлсан, нуугаад яах вэ. Он удаан жилийн анд нөхөрлөлийнхөө барилдлагыг тэмдэглэн тэд маань надад зориулан тэр хавьд сумын наадам шиг юм хийсэн.
-Та нөхдийн харилцаанд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу? Найзууд болсон хойно нэгнийхээрээ орж гарсан хэвээр биз дээ? Эсвэл утсаар ярих төдий байна уу?
-Бидний харилцаанд өөрчлөлт гарсан. Ямар ч байлаа миний зүгээс. Тэд маань надад улам л дотно, улам л ойр болсон юм шиг ээ. Нэг нэгнийхээрээ орж гаралгүй яах вэ. Гэхдээ бүгд тус тусдаа амьдрал, ар гэртэй, ач гучтай болсон учраас залуугийнх шигээ ойр ойрхон уулзаж чаддаггүй юм байна. Уламжлал ёсоор зуны сайхан улиралд хөдөө хамт аялахаа ярилцаж төлөвлөсөн шиг л байж байна даа.
-Үүнийг сонсоход сайхан байна. Ингэхэд Та өөрөө хэр итгэлт анд нөхөр вэ?
-Ганц гараар алга ташихгүй гэдэг шиг андлал гэдэг маань тал талын чин сэтгэл, хайр хүндэтгэл, хүчин чармайлт юм шүү дээ. Хэр итгэлт анд нөхөр вэ гэдгийг би өөрөө биш миний анд нөхөд хэлэх биз. Юутай ч анд барилдаж, дотно итгэлцсэн журмын сайн нөхдийнхөө итгэлийг би алдаагүй л явна.
-Ингэхэд Сар шинээр Та нөхөд хэн нь хэндээ түрүүлж очиж золгодог юм? Монголчуудын мэндлэх, хүндлэх ёс гэж байна даа?
-Залуу байхад ганц нэг насны ялгаа зөрүүг огт тоодоггүй байж. Нас ахих хэрээр арай түрүүлж хорвоод мэндэлсэн нь тэрүүгээрээ түрээ барьж, хөгшин ах царайлан “ирж золго” гэх ухааны юм ярих хадлагатай болж байгаа (инээв). Ах захаа мэддэг монголчуудынхаа мэндлэх, хүндлэх ёсоо дагахаас өөр яах билээ.
-“Гарын арван хуруунд багтах найз, нөхөдтэй үлдлээ” гэж хүмүүс ярьдаг даа. Гэхдээ та саяхан “ Цээжээрээ хамгаалж ирсэн тэр нэгэн эргээд ар нуруунаас минь хутга шаана гэж бодсонгүй” гэж жиргэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ. Өөрт тохиолдсоноо та бичсэн хэрэг үү?
-Энэ бол Цицероны хэлсэн үгийн эшлэл шиг санагдаж байна. Нэгэн цагт хамт хүчин зүтгэж байсан хуучин танилтайгаа сая уулзаж оройжин ярилцлаа. Түүний ярьсан гунигт ярианы гол утга Цицероны энэ хоёр мөрөнд багтахаар санагдсан юм. Уг нь юм юм л үзсэн танил маань сэтгэл санаагаар нэлээд гутарсан байдалтай явна билээ. Түүний яриа надад олон юм бодогдуулсан. Хүн гэдэг амьтан Цицероны цаг үеэс нэг их өөрчлөгдөөгүй юм байна даа гэж бодоод, тэр бодолдоо автан ингэж жиргэсэн санаатай юм.
-Танаас шулуухан асууя. Ар нуруунаас тань хутга шаасан, эсвэл танаас нүүр буруулсан хүн олон гарсан уу? Гарсан бол та үүнийг хэр эмзэг хүлээж авсан вэ? Мандаж явахад нь түшдэг, гундаж, гандахад нь хаядаг хүнтэй л битгий нөхөрлө гэдэг. Сайн явахад садан мундахгүй ч гэдэг... Энэ тухай таны бодол?
-Улс төрийн орчноос анд нөхөдтэй болж байгаагүй гэж би түрүүн хэлсэн. Тийм учраас “мандаж явахад минь түшдэг, гундаж явахад минь хаядаг” хүн анд нөхдийн минь дунд үгүй. Харин надтай биш, миний албан тушаалтай “найзалж” явсан бололтой ганц нэг хүн тараа таниулсан. Амьдралд ийм юм тохиолддог л юм байна гэж бодоод нэг их эмзэглэж хүлээж аваагүй. Угаасаа ойр дотно нөхөрлөж байгаагүй учраас сэтгэлд ч тийм ойр тусдаггүй юм билээ. Гэхдээ л ямар олиг байх вэ. Ашиглуулчихсан юм шиг эвгүй сэтгэгдэл үлдэх нь үлддэг л юм байна. Гэвч тэр яах вэ. Сэтгэл сэвтүүлсэн иймэрхүү явдлыг ой санамжаас минь хөөн зайлуулж сэтгэл сэргээсэн сайхан зүйл надад тохиолдсон шүү. Гундаж гутарч явахад минь тусалъя, дэмжье гээд хуучны танил цэргийн найз маань, сайн санаат дүү нар бас гарч ирсэн. Надад сэтгэл харамгүй тэд тусалсан, дэмжсэн. Гайхмаар сайхан юм энэ амьдралд байсаар л байна.
-“За гэвэл ёогүй” гэсэн эр хүний яс зарчим хандлага танаас харагдаад байдаг юм. Тийм болохоор гэнэтийн гайхмаар ийм сайхан зүйл танд тохиолдож л дээ...
-Магадгүй. Гэхдээ цэрэгт хамт байгаад олон жил уулзаагүй мартагдах шахсан хуучны танилын маань, огт санаандгүй гарч ирсэн сайн санаат дүү нарын маань тусархаг өгөөмөр энэ хандлага нь миний сайныг гэхээсээ тэдний ёс жудаг, тэдний сэтгэлийн сайхныг илтгэж байгаа юм л даа.
-Жудаг гэснээс монголчууд өөрсдөө хэр ёс суртахуунтай ард түмэн юм? “Ёс суртахууны хувьд монголчууд өөрсдийгөө ч танихгүй болтлоо ялзарч байна” гэж манай нэртэй академич хэлсэн удаатай. Таны бодол?
-Нэртэй академич хэлсэн л бол тэр нь туйлын үнэн мөн гэж би бодохгүй байна. Гэхдээ энэ бол том, нарийн ярвигтай сэдэв. Наддаа бол хэт ахадсан сэдэв. Бидний амьдралд сайн, саар юм зэрэгцээд л оршиж байдаг. “Монголчууд өөрсдийгөө ч танихгүй болтлоо ялзарч байна” гэж тэр эрхэм яагаад хэлсэн юм болоо. Уламжлалт ёс суртахуун маань доройтож, шинэ цагийн аясаар сайн муу янз янзын л юм орж ирж байгаа нь үнэн. Гэхдээ л анд нөхдийнхөө хайр халамжийг хүртсээр ирсэн, сайн санаат хүмүүсийн туслалцаа дэмжлэгийг авч байгаа энэ үгийг нь би зөвшөөрч чадахгүй. Бүтэн жарныг туулахдаа энэ амьдралд юм юм л үзлээ. Монгол хүнд, Монгол улсынхаа сайн сайханд итгэх миний итгэл огтхон ч сулраагүй, харин ч чангарсан шүү.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсъе!
С.Гандөл