Гурван ихэр төрүүлж “Алдарт эх”-ийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангажээ

Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Эхийн алдар одон гардуулах зарлиг гаргалаа. Энэ жил Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байна. Үүнээс:

Нэгдүгээр одон 611

Хоёрдугаар одон 8853

Нийслэлээс 3677

Хөдөө, орон нутгаас 5090

Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байна.

Эхийн алдар ордон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим ээжид Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ бол маш сайхан уламжлал юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ.

Өнөөдөр Алдарт эх болж байгаа бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж зургаан сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ. Баяр хүргэе. Монголын үрс олон болж байна. Улам олон болох болтугай!

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар том хөдөлмөр юм. Хүүхдээ өсгөж байгаа эхчүүдийг “гэртээ ажилгүй” суудаг гэж ярих бол буруу! Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил. Тийм учраас төр Монгол Улсын иргэнийг эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой гэж би боддог” гэжээ.