Цагдаагийн тангарагтай гэр бүл
Амьдрал бол яг л зураг шиг. Бийрээ хэрхэн барьж, өнгө будгийг хоршуулан сайхан зураг зурах нь таниас шалтгаална. Өөрийн амьдралын зургийг өнгөт орчлонд зурж яваа гэрэл гэгээ цацруулсан цагаан өнгөтэй зүйрлэхүйц завгүй хэрнээ залуухан Ч.Ойдовын гэр бүлийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” буландаа урьж, хүмүүний амьдралын хуудсанд дурсамж үлдээж буй түүхээр нь аялав.
Оюутны ширээнээс эхэлсэн амьдрал
Багаасаа л цагдаа болох хүсэлтэй байсан тэд оюутны ширээнээс биенээ мэддэг болжээ. Олон мянган аавын хүүтэй мөр зэрэгцэн хээрийн дадлагад явж, буу үүрч гурван км-ийн зайн гүйлтийн бэлтгэл хийж, хөлдөө томдсон израйль өмсч, холгосон ч тоолгүй өргөсөн тангарагтаа үнэнч явсан тэвчээртэй бүсгүй бол М.Мөнхшүр. Айлын дунд охин болохоор эрхэлж өсөөгүй тэрбээр дээрээ ах, доороо дүүтэй.
“Ахыг удам залгах хүү, дүүг отгон охин гээд эрхлүүлээд байдаг юм. Дунд хүүхэд болохоор төдийлөн эрхлүүлж, эвийлдэггүй байлаа. Багаасаа биеэ дааж, өөрөө шийдвэр гаргаж өссөн дөө. Аливаа зүйлд идэвхтэй ханддаг. Ангиа цэвэрлэсэн ч, тэмцээн болсон ч гүйж явна” хэмээн тэрбээр ярилаа.
Охид багаасаа гоё ганган даашинз өмсдөг бол М.Мөнхшүр ахтайгаа адилхан хувцас өмсч өсчээ. “Ахаасаа нэг насаар дүү. Эрэгтэй хүүхдийн хувцас өмсөөд сагс, воллейбол тоглоно. Найзууд хүртэл эрэгтэй хүүхдүүд байдаг байсан. Эрэгтэй хүүхдээс ичиж, эмээж, санаа зовдоггүй байв. Харин ч түшиг тулгууртай ойлголцоход амар санагддаг” гэв. Багын хөдөлгөөнтэй байсан тэрбээр хөвгүүдтэй найзалж, эршүүд өссөн нь Хууль сахиулах их сургууль руу хөтөлсөн байж мэдэх юм.
Харин түүний хань Ч.Ойдов мөн адил багаасаа цагдаа болно гэж ярьдаг байжээ. Айлын том хүү тэрбээр багын хариуцлагатай хүүхэд байсан гэнэ. “Багадаа хуульч юм уу цагдаа болно гэж боддог байсан. Цагдаагийн эрүүгийн албанд долоон жил ажиллаж байна. Сэтгэн бодох чадвар сайтай сэргэлэн хүү байсан. Цагдаагийн академид орно гэж боддог байсан болохоор математик, нийгэм, гадаад хэлний хичээлийг түлхүү судалдаг байсан” хэмээв.
Хүн бүхний танилцаж хамтын амьдралаа эхлүүлсэн түүх дурсамж болон сэтгэлд хоногшин үлддэг. Хайрын түүхээ ярихдаа хоёр бие рүүгээ харж, инээмсэглэж буйгаас 10 жилийн өмнөх өдрүүддээ дахин очсон юм шиг санагдав. Нэг курсын паралль ангийн оюутнуудын учирсан түүх сонирхолтой. Сургуулиас нь англи хэлний тэмцээн зохиожээ. Арван оюутан шалгаж авсны дунд Ч.Ойдов, М.Мөнхшүр нар нэг баг болж оролцсон байна. Жүжигчилсэн тэмцээн учир сар гаруйн хугацаанд байнгын бэлтгэл хийж. Энэ үед “Анх харахад гоё охин нүдэнд туссан” гэж Ч.Ойдов хэлсэн бол “Дүрэмт хувцас их сайхан зохьдог. Гутал нь гялалзсан тэлээгээ тэвхийтэл татчихсан. Яасан хөөрхөн цэвэрхэн залуу вэ гэж бодож билээ” хэмээн М.Мөнхшүр хэллээ.
Англи хэлний тэмцээн тэднийг ийн амьдралын зам руу хөтөлжээ. Хамт бэлтгэл хийж байгаа болохоор утасныхаа дугаарыг солилцож “Ирж байна уу. Бэлтгэл тэдэн цагт шүү” гэж нэгэн рүүгээ зурвас бичдэг байсан гэнэ. Бэлтгэл хийх үеэр Ч.Ойдовын төрсөн өдөр тохиож М.Мөнхшүрийг урьж, үерхэх санал тавьсан байна. Хайрлаж дурлаж хамтын амьдралаа эхлүүлэх явцад ирээдүйнхээ гэргийд зориулж эгдүүтэй бор бамбаруушны чихэнд мөнгөн ээмэг, хүзүүнд нь гинж зүүлгэж бэлэглэсэн нь М.Мөнхшүрд ихэд таалагджээ. Хүний гар цайлгаж, баярлуулах дуртай хань нь одоо ч гэргийдээ гэнэтийн бэлэг барьдаг хэвээр.
“Миний хань айлд хоосон ордоггүй. Нялх хүүхдийг хоосон гаргадаггүй өглөгч хүн. Баяр болоход сэтгэлээсээ бэлэг бэлддэг уламжлал тогтоочихсон. Надад өгсөн бэлэгнүүдээс бамбаруушинд ээмэг зүүлгэж өгсөн нь сэтгэлээс ер гардаггүй юм. Манайд арван жил болж байна. Харах бүрт хайр хүрээд байдаг юм. Тэр хослол надад биш бамбаруушинд илүү зохиод байгаа юм шиг санагдаж билээ” гэв. Арван жилийн турш жаргал зовлонгийн дэнсэнд хоёр биенээ хазайхад түшиж, хальтрахад нь тулж яваа тэдний амьдралын түүхэнд хүүхдээ өлгийдөж авсан нь хамгийн сайхан мөч гэдгийг хэн хэн нь хэлж байлаа.
Шинэ хүнээ угтаж авсан торгон мөч
Амьнаасаа амь тасалж хүүхэд төрүүлнэ гэдэг эмэгтэй хүн болсны эрхэм нандин утга учир. 18 настайдаа жирэмсэн болж, эцэг эхээсээ эмээж, хэрхэн хэлэх учраа олохгүй явах үед М.Мөнхшүрийг хадам ээж нь эмнэлгээр дагуулан явжээ. 20 хоногийн хээрийн дадлагаар хөдөө бэлтгэл хийж, гурван км-ийн маршид гүйж ирээд халуурч хэсэгтээ бие нь тавгүйрхжээ. “Юунаас болж халуураад байгаагаа мэдээгүй ээ. “Бие өвдөөд байна. Намайг ирээд аваач” гэж ханьдаа хэлж байсан. Хөөцөлдөж яваад акт авч өгсөн. Хотод ирээд эмнэлэгт үзүүлэхэд есөн долоо хоногтой жирэмсэн болсон байлаа. Анх мэдчихээд гэр бүлийнхэндээ яаж хэлэх вэ гэж хоорондоо ярилцсан. “Чи л хэл. Би айгаад хэлж чадахгүй” гэдгээ ханьдаа хэлсэн” гэв. Харин хань нь ээждээ “Найз охин маань жирэмсэн болсон. Та эмнэлгээр дагуулж яваад, үзүүлж, хяналтад оруул” гэж хэлжээ.
Хадам ээж нь эмнэлгээр хамт явж үзүүлж, сэтгэлзүйн дэмжлэг өгч, эцэг эхдээ хэрхэн хэлэх талаар ярилцсан байна. Эмэгтэй хүн бүхэн жирэмсэн болсноо ээждээ эхэлж хэлдэг. М.Мөнхшүр ч мөн адил “Ээж маань гайхаагүй ээ. Хүнээс хүн төрдөг нь эмэгтэй хүний тавилан учраас чамайг зэмлэж загнахгүй” гэжээ. Харин түүний аав зарчимч хүн учир хэлж чадалгүй долоон сар хүртлээ нуусан гэдэг. Хөдөө явдаг ажилтай учир хамт байх үедээ жирэмсэн гэдгийг мэдчихээд төртөл нь юм яриагүй гэнэ. Автобус, хоолны мөнгө ч өгөөгүйг М.Мөнхшүр онцоллоо. 15 цагийн турш тасралтгүй өвдөж төрсөн түүний хоёр ээж эмнэлгийн хонгилд уйлж, догдолж хүлээж суусан гэдэг. “Хүүхдээ төрүүлээд хүйг нь тасалж амжаагүй байхад хөл гарынх нь арван хурууг эхэлж бүртгэсэн. Охиноо анх хараад “Надаас ийм сонин хүн төрчихдөг” юм байна гэж бодсон” гэв. Харин Ч.Ойдов “Аав болоход эр хүний омогшил. Үр удмаа үлдээнэ гэдэг хүн болсны утга учир. Уйлж байсан” гэв.
Ээжүүд нь хүүхдээ өлгийдөж чадах болов уу хэмээн санаа нь зовниж байхад М.Мөнхшүр эмч нарыг гайхтал тэвхийтэл өлгийдсөн байна. Энэ нь багаасаа барбигаа өлгийдөж байсантай холбоотой гэнэ. Аав ээждээ аз жаргал бэлэглэж, өвөө, эмээгийнхээ анхны ач, зээ болж ирсэн О.Үжин найман настай, хоёр охин дүүтэй. Гурван насны зөрүүтэй гурван охинтой тэд хүмүүжилд анхаардаг нь хамт байхад мэдрэгдэж байлаа.
Шөнөжин ус шүүж, өглөө нь хуримласан нь
Хурим бол хүний амьдралын хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг. Ч.Ойдов 2013 онд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Хэвлийдээ хоёр дахь охиноо тээсэн тэд хуримлах өдрийнхөө урд шөнө нь унтаж чадаагүй гэнэ. Угаалгынх нь өрөөний паар задарч хоёулаа шөнөжин ус шүүж хоножээ. Энэ талаар М.Мөнхшүр “Хүний амьдралд сонин зүйл их тохиолддог юм билээ. 04:00 цагт гэнэт ариун цэврийн өрөөний турба задарч, ус алдаж эхэлсэн. Шөнөжин ус арчиж, алчуур мушгиж хоноод өглөө нь гэрлэж билээ” гэв.
Тэрбээр хуримынхаа өглөө гэрлэхгүй гэж хэлээд ханийгаа сандаргаж байжээ. “Хүн хамгийн хайртай хүндээ муухай зангаа гаргадаг. Би угаасаа энэ хуримыг хийхээ болилоо. Үс засалт, нүүр будалт таалагдахгүй байна” гэж хэлээд сандаргасан хөгжилтэй явдал тохиожээ. Хуримын даашинзтай сүйт бүсгүйнхээ уйлж хэлсэн үгийг сонсоод Ч.Ойдов шоконд орсон байна.
Баярласан хөөрсөн сэтгэл давхцсан үед нүүр будалт болон үсний засалт таалагдаагүй нь энэ. “Туршлагагүй, ур чадваргүй хүн ирээд үл ойлголцох асуудал үүссэн юм билээ. Асуудлыг аль болох эерэгээр шийдэхийг эрмэлзсэн. Тэр үед үсийг нь дахин янзлуулж, нүүр будалт хийх хүн олж ирсэн дээ” хэмээн Ч.Ойдов ярьсан юм. Амьдралынхаа хамгийн сайхан мөчид эмэгтэй хүн бүхэн үзэсгэлэнтэй харагдахыг хүснэ. Хуримын ордонд орох цаг нь тулчихсан байхад санаанд нийцэхгүй будалт, засалтаас болж гэрлэхгүй гэж хэлсэн болов уу.
Шоконд орсон залуу асуудлыг хурдан шийдэж, өөр үсчин дагуулж ирснээр гэргийнхээ сэтгэлд нийцтэл гоёжоо. Албан ёсоор гэр бүл болсноо цаасанд тамгалуулж, амьдралын замналаа эхэлсэн нь 2013 оны аравдугаар сарын 9-ний өдөр цас бороо холилдон орсон намрын налгар хур ихтэй тэр үеийг одоо ч бэлгэшээж, тэмдэглэдэг аж.
Бужигнаан дунд эхэлдэг өглөө
Цаг наргүй цагдаагийн албанд хүчинд зүтгэж яваа тэд ажлынхаа гарааг мөрдөн байцаагчаас эхэлжээ. Долоон жилийн турш ард түмнийхээ амгалан тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа хосууд цагдаагийн дэслэгчээс ахмад цол хүртэл дэвшсэн байна. Мэргэжил нэгтэй учраас ханийнхаа ажлыг дэмжиж, хамт явах үе байсныг Ч.Ойдов онцоллоо. Таван өдөр ажлаа ягштал хийгээд амралтынхаа хоёр хоногт сууж, сунгаж ажиллахыг боддоггүй аж. Охидуудаа агаарт гаргаж, хээрийн цай чанаж өгч, хамтдаа үзвэр үзэж, тоглоомын төвд тоглуулах зэргээр гэр бүлээрээ хоёр өдрийг хамт өнгөрүүлэхийг эрхэмлэдэг байна. Гэнэтийн ажил гарч бэлэн байдал зарласан үед хүүхдүүдээ аав ээжийндээ хүргэж өгдөг аж. Ажлаа хийж байгаа тэдэнд аав ээжүүд нь тусалж, дэмжиж, хүүхдүүдийг нь харж, цэцэрлэг сургууль, дугуйлангаас нь авдаг гэнэ. Охидуудтай айлын амьдрал онцлогтой. Мэдлэг боловсролтой болгохыг зорьдгоос гадна амь нэгтэй бие биенээ хайрлаж, хүндлэхийг багаас нь зөвлөдөг байна.
Тэдний нэг өдрийн амьдрал өглөөний 06:30 минутад эхэлдэг. Хүүхдүүдээ босгож, хувцаслаж, цай цүүг нь уулгаад сургууль цэцэрлэгт нь хүргэж өгнө. “Бидний өглөө бужигнаантай эхэлдэг. Хувцсаа өмсөөрэй. Тэр өмдийг өмс. Тэг ингэ, тэрийгээ мартав. Дугуйлантай шүү, бүжгийнхээ хувцсыг ав. Гарах гэж байна шүү. Болж байна уу, хожигдов. Хурдал гээд гар гарт нь боорцог бариулаад гэрээсээ гарцгаана. Орой нь ч мөн адил дуу шуутай бужигнасаар гэртээ орж ирнэ. Монголын мянга мянган залуу гэр бүлийн төлөөлөл болж, өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж яваа Ч.Ойдовын гэр бүлийн талаар ийн зураглалаа.
Цас бороо нар салхи, цаг хугацаатай уралдан урагшилдаг хүмүүний амьдралын хуудсанд өөрийн гэсэн өнгө аястай түүхээ гэгээнээр сийрүүлж яваа гэр бүлийн хайрын түүхээр аялсан минь энэ байв.
С.Ичинхорлоо