Г.Дамдинням: Би мэдэхгүй байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Шатахуун ховордож байгаа нөхцөл байдал анх удаа тохиолдож байгаа юм биш. Жил бүхэн үүсдэг асуудал. Манай улс 35 жилийн хугацаанд нэг ч удаа агуулах барьж байгаагүй. Төсөв ч гаргаж байгаагүй юм байна. Нөөц бүрдүүлж ирээгүй. Орж ирж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавьдаг системгүй явж ирсэн байна. Яагаад энэ бүхнийг өмнө нь хийдэггүй байсныг би мэдэхгүй байна. Харин одоо хийе гэсэн зорилготой ажиллаж байна.
Энэ удаагийн шатахууны асуудал зөвхөн АИ92 дээр үүссэн. Манай улсын өдрийн дундаж хэрэглээ 2300 орчим тн. Үүний 1200 орчим нь Улаанбаатар хотын хэрэглээ. Сүүлийн 10 хоногт манай улсаас авдаг хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнийг гаалийн хяналтаас харж болно.
Нөхцөл байдал өнөөдрөөс намжина. Өнөөдөр 54 вагон бууж байна. Нэг вагон 60 тн байдаг. БНХАУ-аас 5000 тн-ныг нэмж авсан. 14 мянган тонныг нэмж захиалсан. Гурав дахь өдрөөс Улаанбаатарт оруулж ирнэ. Өдөрт 2-3 удаа шатахуун авч, дамлан зарж байгаа иргэд байна. Машиныхаа ард 25 литрийн саванд хийгээд шагаар зарж байна. Цагдаагийн байгууллагаас хэд хэдэн хүнийг тогтоож шалгаж байна” гэжээ.