Н.Оюундарь: 12-17 насны 1613 хүүхэд төрсөн байна
Намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд хүүхдийн бэлгийн болоод бие махбодийн хүчирхийллийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийж байна. Уг уулзалтыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар хөтөлж явуулсан юм.
Энэ үеэр намуудын дэргэдэх эмэгтэйчүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
АН-ын гишүүн С.Одонтуяа- “Нийгэмд явуулж байгаа бодлогын үр дагавар нь хүүхдийн хүчирхийллээр илрэн гарч байна. Учир нь сүүлийн хэдэн жил хүний хөгжилд мөнгө зараагүй. Үнэт зүйл гэдэг эрэмбэ дарааллаа мартсан байна. Боловсролын салбарын төсвийг аваад үзэхэд ч гэсэн байшин барилга яриад байхаас биш хүүхэд залуучуудын хүмүүжлийн асуудалд мөнгө зарцуулах нь бага байдгийн л гор нь гарч байгаа юм болов уу гэж харж байна”.
МАХН-ын гишүүн Н.Удвал- “Цэл залуу үрсээ хүчирхийлэлд алдаж байгаа нь харамсалтай. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх улс төрийн хүсэл зориг байхгүй байна. Үүнд эмэгтэй гишүүд онцгой ач холбогдолтой. Бие бялдраа гайхуулж нүцгэлэх яахав. Тархиа хөгжүүл, хүүхдээ хамгаал. Ямар ч хөрөнгө мөнгө хэрэггүй. Сэтгэл зүрх, манлайлал хэрэгтэй. төрийн бодлого байдаг ч хэрэгжүүлэх чадавхи байхгүй байна. Монгол хүн ямар ч үнэ цэнгүй болж байна”.
Дэлхийн монголчууд намын гишүүн Чанцалдулам- “Хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүс бүгд насанд хүрэгчид байдаг. Тэднийг бага байхад нь хүн болох төлөвшилд нь алдаа гаргачихсан байгаа юм. Эргээд харахад бид төлөвшилдөө алдаа гаргачихсан юм болов уу гэж харж байна. Өчигдөр ЕБС-ийн 4 дүгээр ангийн багштай ярилцсан юм. Тухайн багш ангийн хүүхдүүдийн дунд “Би үүнийг л хүсдэг” сэдэвт зохион бичлэг хийлгэхэд 26 хүүхэд архигүй орчин хүсчээ. Хүүхдүүд биднээс тэнэг биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, нийгмийг өөрчлөх хүч тэнд байгааг илэрхийлээд байгаа юм. Хичээлийн цаг дуусахад зари эцэг эхчүүдэд согтуу ирж хүүхдээ авдаг. Гэвч надад хүүхдийг өгч явуулахгүй байх эрх зүйн орчин байхгүй. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчдийг хариуцлагажуулах механизм руу оруулмаар байна”.
“Одонтой ээжүүдийн холбоо” ТББ-ын гишүүн Оюунгэрэл- “Гэр бүлийн боловсролыг анхаарах цаг болжээ. Хүн болох багаасаа гэдэг шүү дээ. Уг нь ерөнхий боловсролын сургуулиудад “Иргэний боловсрол” гэдэг хичээл гэж ордог юм байна. Гэхдээ уг хичээлд төдийлөн ач холбогдол өгөлгүй ангийн ажил бусад зүйлийг яриад л өнгөрдөг байна. Тиймээс боловсролын асуудлыг сайжруулах хэрэгтэй”.
Монгоын хүний төлөө намын Н.Янжмаа “Гэмт хэргийг гарсан хойно нь бус гарахаас өмнө урьдчилан сэргийлэх ёстой. Бид хувь хүний хөгжлийн асуудлыг үнэхээр орхигдуулж яваад байгаа юм байна. Яагаад хүчирхийлэл газар аваад байна гэхээр ерөөсөө л ядуурлаасүүдэлтэй байна”.
Ингээд хүүхдийн хүчирхийллийн зөвлөлдөх уулзалтыг Н.Оюундарь гишүүн нэгтгэн дүгнэж үг хэлсэн юм. Тэрбээр “Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан мэдээллээр 2017 онд 298 хүүхэд хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн ноцтой мэдээлэл дурдахад 12-17 насны 1613 эх төрж, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлжээ. Түүнчлэн 2014-2016 онд шүүхээр шийдвэрдлэгдсэн хүүхдийн хүчирхийллийн 80 баримт дээр тоон анализ хийж, насны байдлаар нь авч үзэхэд 27 хувийг 5-9 насны хүүхэд, 25 хувийг 12-14 нас, 12 хувийг 14-16 нас, 2.5 хувийг 16-18 насныхан эзэлж байна. Ер нь энэ төрлийн хүчирхийллийн 70 орчим хувь нь ураг төрлийн орчинд үүсдэг байна.
Мөн хохирогч хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөхгүй байна. Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг би ахалж ажилласан. Энэ хуулийг батлуулсны дараа Хүүхэд хамгаалаллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хянаж ажиласан. Амьдрал дээр хэрэгжихгүй байгаа зүйл заалтууд зөндөө байна. Ер нь аливаа хүчирхийллийг аль аль түвшиндээ анхаарах ёстой юм байна. Энэ эмзэглүүлсэн асуудлыг нийлж байж шийдвэрлэх арга замыг хамтдаа илэрхийлэх ёстой. Ингээд ээжүүдийн өгсөн саналыг сайн тэмдэглэж авлаа” гэв.