Б.Пүрэвдагва: Энэхүү харилцаа нь хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй
6-7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах зардал тусгагдаагүй
Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ талаар танилцуулж, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт, үдийн хоолны хамрах хүрээг өргөжүүлэх боломж, хэрэгцээ, үр нөлөө болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Тэрбээр, 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 717 сургуульд 739,982 сурагч суралцаж байгаагаас 1-5 дугаар ангийн 341,083 хүүхэд үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж буйг танилцуулж, энэ нь нийт суралцагчдын 47.2 хувь болохыг дурдав. Хуульд бүх суралцагчийг үдийн хоолны үйлчилгээнд хамруулахаар заасан боловч дунд, ахлах ангийн сурагчид одоогоор хамрагдаагүй гэдгийг тэрбээр хэлж, дунд, ахлах ангийн сурагчдыг хөтөлбөрт хамруулахад зөвхөн хүнсний түүхий эдийн зардалд жилд 305.2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан буйг дурдлаа. Үүний зэрэгцээ сургуулийн гал тогоо, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тогтолцоог сайжруулах, хүний нөөц бүрдүүлэх зэрэгт багагүй хөрөнгө оруулалт шаардлагатай юм.

Боловсролын яамнаас хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж, КОЙКА зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг сайд танилцуулж, ШУТИС-ийг түшиглэн “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт, арга зүйн төв” байгуулаад байгааг мэдээлэв. Одоогийн байдлаар сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 302 хоолзүйч, 978 тогооч, 924 туслах тогооч ажиллаж байгаа бөгөөд тэдний цалин хөлсөнд улсын төсвөөс 5.6 тэрбум төгрөг зарцуулж байна. Харин дунд, ахлах ангийн сурагчдыг нэмж хамруулахад 279 хоолзүйч, 1,593 тогооч, 1,138 туслах тогооч шинээр шаардлагатай ажээ.
Үдийн хоол хөтөлбөрийн үр дүнд сургууль завсардалт буурч, хүүхдийн сурах идэвх, анхаарал төвлөрөл сайжирсан гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулгадаа онцолж, Улсын Их Хурлын 2026 оны 28 дугаар тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургуулийн 6-7 дугаар ангийн суралцагчдыг 2027-2028 оны хичээлийн жилээс, 8-9 дүгээр ангийн суралцагчдыг 2028-2029 оны хичээлийн жилээс, 10-12 дугаар ангийн суралцагчдыг 2029-2030 оны хичээлийн жилээс эхлэн үдийн хоолны үйлчилгээнд хамруулахын тулд төсөв санхүү, хоол үйлдвэрлэлийн орчин, хүний нөөц, хүнсний хангамжийг үе шаттай бүрдүүлэх шаардлагатай гэв.
Байнгын хорооны хуралдаанд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Б.Хэрлэн нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэх үе шат, боломж, нөхцөл, шаардагдах зардал санхүүжилт, сургуулиудын хичээлийн болон завсарлагын хугацаа, олон улсын стандарт, НҮБ”аас өгч буй зөвлөмжийн хэрэгжилт зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 28 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар дурдаж, ирэх оны төсвийн төсөлд 6-7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах зардал тусгагдаагүйг шүүмжилсэн юм. Иймд асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. Түүний гаргасан энэхүү саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.