Б.Пүрэвдагва: Энэхүү харилцаа нь хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй
"Төсөвт байгууллагуудын 76.9 хувь нь Ахмадын сан байгуулаагүй"
Улсын Их Хурлын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонсов. Тус ажлыг хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Л.Энхнасан нар ажилласан байна.

Ажлын хэсэг улсын хэмжээнд зургаан бүсэд 1700 орчим ахмад настны оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг нэгтгэсэн байна. Монгол Улсад хүн амын насжилт эрчимжиж, 2026 оны байдлаар 444 мянга гаруй ахмад настан байгаагийн 68 хувь нь эмэгтэйчүүд, дундаж наслалт 71.8 жил хүрсэн байна. Мөн 2025 оны байдлаар 101.5 мянган ахмад настан ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь нийт ахмад настны 24.6 хувьтай тэнцэж байна.
Ахмад настны асуудлыг зөвхөн тэтгэврээр хязгаарлах бус эрүүл мэнд, асаргаа, хөдөлмөр эрхлэлт, орлогын баталгаа, нийгмийн оролцоог хамарсан цогц бодлого шаардлагатай гэдгийг ажлын хэсгийн ахлагч дурдаад, өндөр насны тэтгэвэр авагчдын тодорхой хэсэг хөдөлмөрийн зах зээлд үргэлжлэн оролцож байгаа ч бизнесийн болон хөдөлмөр эрхлэлтийн зээлийн хүртээмж хангалтгүй, хүү өндөр байгаа нь тулгамдсан асуудал болж буйг онцоллоо. Өнөөдрийн байдлаар 529.7 мянган хүн тэтгэвэр авч байгаа бөгөөд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 950 мянган төгрөг байгаа юм
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, суурь тэтгэвэр, нийгмийн даатгалын тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэврээс бүрдэх гурван давхаргат тогтолцоог бий болгохоор болсон бөгөөд ирэх сараар суурь тэтгэврийг олгохоор болсоно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хэлж, ажлын хэсэг суурь тэтгэврийг амьжиргааны түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх, бага орлоготой болон ганц бие ахмадуудад илүү чиглэсэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзсэнийг танилцуулав.

Ахмад настны нийгмийн халамжид байнгын асаргаа шаардлагатай ахмадуудын асран хамгаалагчдад олгох тэтгэмж өндөр хувь эзэлж байгаа нь гэрийн, өдрийн, түр хугацааны болон төрөлжсөн асаргааны үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай болсныг харуулж байна гэж ажлын хэсэг үзжээ. Эрт илрүүлэгт хамрагдах ахмад настны тоо сүүлийн жилүүдэд буурч, ахмадын чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч хомсдож байна. Эмийн үнийн хөнгөлөлтөд 2025 онд 98.9 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд энэ нь нийт хөнгөлөлтийн 63 хувийг бүрдүүлжээ. Аудитын байгууллагын дүгнэлтээр төсөвт байгууллагуудын 76.9 хувь нь Ахмадын сан байгуулаагүй, зарим байгууллагын сангийн үлдэгдлийг төсөвт татан төвлөрүүлснээс хууль хэрэгжих боломж хязгаарлагдсан байна.
Нөхцөл байдалд дүгнэлт хийж, ажлын хэсэг суурь тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүг багасгах, цэргийн болон тусгай албанд, мөн хүнд нөхцөлд ажилласан иргэдийн суурь тэтгэврийн хамрагдалтыг тодорхой болгох, Ахмадын сан байгуулах, хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг бодитой дэмжих, тэтгэврийн болон бизнесийн зээлийн хүүг бууруулж, батлан даагчийн шаардлагыг уян хатан болгох, эмийн хөнгөлөлтийг өргөжүүлж, эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, тэдний дижитал боловсрол, соёл, сайн дурын үйл ажиллагааны оролцоог дээшлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, асаргааг уялдуулсан цогц үйлчилгээний загварыг нэвтрүүлэх талаар бодлогын арга хэмжээ авахыг санал болгожээ.
Санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа үг хэлж, ахмад настны талаарх статистик, тооцоо судалдщгаа дутуу дулмаг байгааг шүүмжлэн, тэдний орон сууцны хангамж болон бусад нийгмийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгааг анхааруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа санал дүгнэлтэд дурдсан ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэнд, тусламж үйлчилгээ зэрэг олон асуудлыг ач холбогдол, нэн тулгамдсан байдлаар нь эрэмбэлж, арга хэмжээг дэс дараатай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн бол ажлын хэсэгт орж ажилласан ахмад настны төлөөлөл О.Цэцэгмаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан оношилгоо, эмчилгээ, сувилгааны нэгдсэн төвүүдийг бүс бүрд байгуулах асуудлыг 2027 оны улсын төсөвт тусгаж шийдвэрлэх, хөдөө орон нутгийн ахмад настнуудыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, эм, эмчилгээ, асаргаа сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхийг хүсэв.