Б.Пүрэвдагва: Энэхүү харилцаа нь хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй
Т.Аубакир: Xаламжийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлнэ
Засгийн газраас энэ оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тавилаа.

Нийгмийн халамжийн тогтолцоог мөнгөн тэтгэмж давамгайлсан загвараас зорилтот бүлэгт чиглэсэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, үр ашигтай тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөснийг сайд илтгэлдээ онцолсон юм. 2025 онд Нийгмийн халамжийн сангаас 2.4 их наяд төгрөг зарцуулсны 70 гаруй хувь буюу 1.7 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө, насны хишиг, жирэмсний болон хүүхэд асарсны тэтгэмж зэрэг нийтлэг мөнгөн дэмжлэгт ногдсон байна. Мөн нийгмийн халамжийн зардал ДНБ-ий 2.7 хувийг эзэлж байгаа нь хөгжиж буй орнуудын дунджаас өндөр үзүүлэлт боловч ядуурлын түвшин 27.1 хувь хэвээр байгааг тэрбээр дурдлаа.
Иймд хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаа шаардлагатай иргэдийг зөв тодорхойлох, тэдний хэрэгцээг мэргэжлийн үнэлгээнд тулгуурлан тогтоох, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг сургалт, хөгжлийн үйлчилгээгээр дэмжиж, халамжаас хамааралтай бус, бие даан амьдрах чадвартай болгоход чиглэсэн төрийн үйлчилгээний зохицуулалтыг тусгасан байна. Үүний хүрээнд зан үйл, хандлагыг өөрчлөх сургалт, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ, кейс менежментэд суурилсан мэргэжлийн нийгмийн ажлыг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээлэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр заажээ.
Гэр бүлийн гишүүнээ асарч байгаа иргэд, асрамжийн байгууллагаас гарсан хүүхэд, залуус, гэр оронгүй иргэн, архины хамааралтай болон хорих байгууллагаас суллагдсан иргэдийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх зэрэг нарийвчилсан заалтуудыг оруулсан байна. Мөн байгалийн гамшиг, зудын улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчдыг дэмжих арга хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах, мэргэжлийн нийгмийн ажилтны тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Энэхүү шинэчлэл нь нийгмийн халамжийг бууруулах бус, харин хэрэгцээтэй иргэнд нь зөв хэлбэрээр, зөв цагт нь хүргэхэд чиглэсэн гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, ийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцолж, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр одоогийн бүтэц, нөөцөд тулгуурлан хуулийг хэрэгжүүлж, халамжийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлнэ гэлээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Д.Энхтуяа, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа шинэчлэлийн үр дүнг төсвийн хэмнэлтээр бус ядуурал хэдэн хувиар буурснаар хэмжих ёстойг онцолж, халамж авдаг иргэдийн эрх хязгаарлагдах эсэх, хөдөлмөр эрхлэлтийн бодит үр дүнг хэрхэн тооцох талаар асуув. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, одоогийн 2.7 их наяд төгрөгийн халамжийн зардлаас хүүхдийн мөнгө зэрэг хүний хөгжилд чиглэсэн дэмжлэгийг ялгаж үзвэл зорилтот халамжийн хэмжээ ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг болохыг тайлбарлаж, шинэ хуулиар халамжийг танах биш харин зөв хүнд нь хүргэх зорилготой гэлээ. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг асаргааны тэтгэмж авч буй 82 мянган иргэний 47 мянга нь ахмад настны асран хамгаалагчид болохыг мэдээлж, одоо халамж авч буй иргэдийн эрхийг хөндөхгүй, шинэ тогтолцоо 2028-2029 оноос үе шаттай хэрэгжинэ гэж тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат асрах үйлчилгээ, гэрээр үзүүлэх халамжийн тогтолцоог өргөжүүлж, урт хугацаанд даатгалын хэлбэрт оруулах шаардлагатайг онцлон, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Хүнс тэжээлийн дэмжлэгийн үйлчилгээ оновчтой, хүртээмжтэй байгаа эсэхийг тодруулж, халамжаас хөдөлмөрт шилжүүлэх ажлын бодит үр дүнг тооцож, дүгнэлт гаргах нь зүйтэй гэсэн юм. Энэ талаар сайд Т.Аубакир 2025 оны байдлаар хүнс тэжээлийн дэмжлэгийг 17 мянга орчим өрхийн 103 мянган иргэн авч буйг танилцуулж, энэхүү дэмжлэг ядуурлыг бууруулахад чухал хэвээр байгааг онцлов. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан халамжаас хөдөлмөрт шилжүүлэх хөтөлбөрөөр энэ онд 5 000 өрх буюу 19 мянга орчим иргэнийг хамруулж, 3.5 тэрбум төгрөгийн зарцуулж буй талаар хариулт өгөв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хууль батлагдсанаар зардал, санхүүжилт нэмэгдэх эсэх, хүн амын өсөлтийг дэмжих бодлоготой хэрхэн уялдах талаар асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдыг албан ёсны үнэмлэх, таних тэмдэгтэй болгож, төрийн үйлчилгээнд илүү хялбар хамрагдах нөхцөл бүрдүүлэх талаар хөндөж ярив. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өөрийн санаачилсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй энэ хуулийн төслийг уялдуулж, асрах үйлчилгээний тогтолцоог урт хугацаанд хөгжүүлэх, санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг нарийвчлан тусгах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан мэдээллийн сангийн алдаанаас болж халамжийн үйлчилгээнээс жинхэнэ зорилтот бүлгийг орхигдуулахгүй байх баталгаа болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын бодит үр дүнгийн талаар тодруулга авлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа халамжийн бодлогыг орон сууц, ус, эрчим хүчний төлбөрийн бодит дэмжлэгтэй уялдуулах нь зүйтэй талаар ярьж, ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт нь боловсрол, хүний хөгжлийн асуудалтай шууд холбоотойг онцлон сануулав.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ц.Мөнхтуяа, Ж.Галбадрах, О.Саранчулуун, П.Ганзориг нар үг хэлж, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлэв. Байнгын хорооны дарга П.Ганзориг нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн олон хуулийг уялдуулан хэлэлцэх шаардлага үүсээд байгааг дурдаж, халамж, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн хөгжил, асрах үйлчилгээ, нийгмийн ажлын тогтолцоог нэгдсэн бодлогоор авч үзэх ёстойг тэмдэглэлээ.

Санал хураалт явуулахад Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.