"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тэтгэмжийг ар гэрт нь олгоно"

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолсон.   

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Батбаатар, Ц.Баатархүү, Д.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Нийгмийн даатгалын сангаас олгох холбогдох хуулийн 8.3-т “нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална” гэж, 2023 оны наймдугаар сарын 2-нд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс “3 сая 500 мянган төгрөгийг амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгоно” гэж тэтгэмжийн хэмжээг нь тус тус заасныг дурдаад Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөлд туссан энэ асуудал батлагдахаар тэтгэмжийн давхардал үүсэх эсэхийг лавласан.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын тухай хуулиар шимтгэл төлсөн нийгмийн даатгалын харилцаанд орсон хүн бүр оршуулгын тэтгэмж авдаг. Энэ нь донор болсон эсэхээс үл хамаарч олгогддог гэдгийг тодотгов. Мөн тэрбээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл амьгүй донорын ар гэрт нь хүндэтгэл үзүүлэхээр ийм шийдвэрийг гаргасан. Оршуулгын тэтгэмжийг ердийн тэтгэмжээсээ нэмэгдүүлж олгоё гэж үзсэн. Иймд хуулийн төсөлд оруулсан өөрчлөлт нь амьгүй донорын гэр бүлд нь Эрүүл мэндийг дэмжих сангаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр оршуулгын тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан гэж хариулав.

Ингээд "Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  52 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар амьгүй донор эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээс үл хамааран Эрүүл мэндийг дэмжих сангаас гэр бүлд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж өгөхтэй холбоотой хуулийн зохицуулалт тодорхой болох юм.