Төр болон орон нутаг нь улсын төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгийг өмчилж байна

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Нийтийн өмчийн болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг онцолж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж нийт  29  гишүүн Нийтийн өмчийн хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажиллаж байна. 

Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хуулийн төсөлтэй холбоотойгоор хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд холбогдох санал, хүсэлт, судалгаа, мэдээллийг нэгтгэсний дараа Ажлын хэсгийг хуралдуулахаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан. Хуулийн төсөлд анхаарах асуудлуудын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулах үндэслэл, ангилал, хувьцаа эзэмшигчийн эрх, компанийн засаглал, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт, ногдол ашгийн бодлого, алтан хувьцааны зохицуулалт, хяналт, тайлагналтай холбоотой зүйл, заалтыг нарийвчлахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Ажлын хэсэг урт хугацаанд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, эдийн засгийн үр ашиг, тогтвортой хөгжлийг хангах бодлогын суурь шинэчлэл болох талаас нь харж, нухацтай, бодлогын түвшинд хандах зарчим баримталж байгаа гэлээ.

Нийтийн өмчийн хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субьектын чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Нийтийн өмчийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахлан ажиллаж байгаа юм. 

Нийтийн өмчийн хуулийн төслийн тухайд ажлын хэсэг хуулийн төслийн нэрийг өөрчлөх, өмч хувьчлалттай холбоотой бүлэг оруулах, орон нутгийн өмчийн ангилал, нийтийн үйлчилгээний байгууллагын талаарх зохицуулалтыг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн. Иймд Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвгөөний дагуу үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд холбогдох санал, хүсэлт, судалгаа, мэдээллийг нэгтгэсний дараа хуралдахаар төлөвлөж байгаа тул Ажлын хэсгийн үйл ажиллагаа удаашрах шалтгаан болж байна гэж дүгнэжээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99 компани, үйлдвэрийн газар нь 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1 хувийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76 хувийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байна. Мөн төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийн орлогоор улсын төсөвт 2019 онд 155.2 тэрбум, 2020 онд 173.6 тэрбум, 2021 онд 207.2 тэрбум, 2022 онд 469 тэрбум, 2023 онд 449.8 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

Тиймээс төр болон орон нутаг нь улсын төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгийг өмчилж байгаа боловч өмчийг зохистой удирдах, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд дутагдаж буй эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна. 

Мэдээлэлтэй танилцсаны дараа Улсын Их Хурлын дарга хуулийн төслүүдийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлах зорилготойгоор ажиллахыг үүрэг чиглэл болголоо.