Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслийн талаарх санал, дүгнэлтийн талаар УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин илтгэсэн. Энэхүү төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногт хэлэлцээд, тус Ажлын хэсгээс боловсруулсан хоёр хувилбар бүхий хуулийн төслөөр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан нэгдүгээр хувилбарыг Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг тусгасан. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох шаардлагатай гэж үзсэн байна. 

Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Дам.Цогтбаатар, Дав.Цогтбаатар, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, П.Наранбаяр, Ч.Лодойсамбуу, Б.Пүрэвдорж нар тодруулж, байр суурь илэрхийлэв. Хүн гүтгэхэд ял өгдөггүй орон гарын таван хуруунд багтаж байгаа, бусад бүх орон ялын зүйлчлэлтэй талаар, сэтгүүлчдийг ажил мэргэжлийн хувьд яллахгүй байх, хүний язгуур эрхэд халдах заалт тусгасан зэрэг шүүмж, дэмжлэгийг дор бүрнээ өгүүлсэн. Ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа, уг хуулийн төслийг зөвхөн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан учраас Эрүүгийн хууль дахь зарим заалтыг хүчингүй болсонд тооцох асуудлыг шийдвэрлэх болно. Харин эрх мэдэлтнүүдээс гадна гэмгүй иргэд цахим болон бодит амьдралд гүтгүүлж, гутаан доромжлуулдаг байдлыг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох асуудал үлдэж байгааг сэтгүүлчдийн ажил мэргэжлээ явуулах, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд халдахгүйгээр уян хатан зохицуулах шаардлага бий гэв. Энэ талаар хуулийн төсөл боловсруулж, оруулж ирэхийг УИХ-ын дарга С.Бямбацогт Засгийн газарт чиглэл болгов.