Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.  Төслийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын дөрвөн гишүүн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Бум-Очир танилцуулгадаа, 1993 онд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь, 1997 онд 85.1 хувь, 2001 онд 82.9 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурчээ. Сонгуулийн үндсэн зарчмын нэг болох бүх нийтийн байх, бүх нийтийн оролцоог бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байгаа нь сонгуульд оролцож буй сонгогчдийн ирц, оролцоо тогтмол буурч байгаа дээрх судалгааны дүнгээс харагдаж байна. 

Мөн сонгуулийн ирц, оролцоо буурч байгаа гол шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 сонгогчийн хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-ны тайланд дурдсан үр дүнгээс үзвэл сонгуульд оролцоогүй шалтгааны 33.9 хувь нь “санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан”, 7.7 хувь нь оюутан, орон нутагт оршин суух хаягтай”, 0.5 хувь нь “гадаад улсад байсан” зэрэг шалтгаантай байсан хэмээсэн.

Өнөөдөр сонгуульд саналаа өгөх нь хязгаарлагдмал 250 орчим мянган сонгуулийн насны иргэд байгаа тул тэдний санал өгөх, сонгуульд оролцох боломжийг нь өргөжүүлэн нээж өгөхөд хуулийн төслийн гол ач холбогдол нь чиглэж буйг төсөл санаачлагч гишүүн Д.Бум-Очир тодотгов.

Хуулийн төсөлд хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд, эсвэл хотод сурч байгаа оюутнууд тухайн газартаа саналаа өгөхөд өөрийнх нь албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээс санал нь шууд бүртгэгдэх, улмаар орон  нутаг, гадаадад ажиллахаар явж буй иргэд сонгуулийн албан ёсны санал хураалт болохоос өмнө урьдчилж санал өгөх боломжийг нээх аж. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг нэмж 5 өдөр болгох зохицуулалтыг тусгажээ.

Мөн санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, түүнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэнгүй.