Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Батбаатарын  2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нарагийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Д.Батбаяр нарын зургаан гишүүний 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүний 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын дөрвөн гишүүний 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын долоон гишүүний 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.