З.Мэндсайхан: Татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх эерэг үр дүн гарна

Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

Энэ удаагийн татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг, урамшуулдаг татварын тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.2 орчим их наяд төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцож байна гэж байлаа.  

Хуулийн төсөл нь татвар, гаалийн байгууллага хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, эрсдэлд орохоос өмнө анхааруулах, зөрчлөө засах боломжийг олгодог болох, татварын өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгоход чиглэснийг онцлоод төсөлд оруулсан гол зохицуулалтын талаар танилцуулсан.

 

Тухайлбал, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлон татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо татвар төлөгч өөрөө засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгоно гэв.

Татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжлэх замаар татварын өрийг төлүүлэх боломж бүхий зохистой, үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан гэлээ.

Мөн татвар төлөгчийг алдаа, зөрчлөө өөрөө арилгах боломжийг бүрдүүлэх зорилгоор татварын тайланг залруулах хугацааг 2 жил болгон нэмэгдүүлэх, татвар төлөгчид их хэмжээний алданги тооцуулах эрсдэлээс хамгаалах зорилгоор алдангийн дээд хэмжээг Иргэний хуульд заасан хэмжээтэй уялдуулан тогтооно. Түүнчлэн, татварын актад гомдол гаргасан тохиолдолд алданги, торгууль нэхэмжлэхгүй, маргаан эцэслэн шийдвэрлэсний дараа хураах, татварын алба хооронд татварын зорилгоор автоматаар харилцан мэдээлэл солилцох стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой тухайн үүргийг хэрэгжүүлэх этгээдийг тодорхойлох, шаардлагатай мэдээллийг бүрдүүлж, уг мэдээллийг тогтоосон хугацаанд олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр бусад гишүүн оронд хүргүүлэх нарийвчилсан зохицуулалтыг батлах эрхийг холбогдох байгууллага, эрх бүхий этгээдэд олгох зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан байна.  

Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгчийг алдаа гаргасны дараа хяналт шалгалт хийж акт, торгууль тавих бус, татварын тайланг залруулах хугацааг сунгаж, татварын алба эрсдэлээс урьдчилан сэргийлж, татвар хураалт, татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, чирэгдэл багатай, эрсдэлд суурилсан байдлаар хийж гүйцэтгэх нөхцөл бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн Глобал форумын гишүүн орны хувьд Автоматаар мэдээлэл харилцан солилцох стандартыг хэрэгжүүлэх нэмэлт зохицуулалтуудыг тусгаснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж, татвараас зайлсхийх болон хууль бус санхүүгийн гүйлгээг бууруулах, дотоодын орлогыг хамгаалах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх эерэг үр дүн гарна гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин төслийн “63.2. Энэ хуулийн 63.1-д зааснаар татварын өрийг гаргуулсны дараа татвар төлөгчийн банкин дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах татварын өрийн хэмжээ нь тухайн орлогын 80 хувиас хэтрэхгүй байна.” гэж тусгахдаа холбогдох судалгаа хийсэн эсэхийг лавлав.

Татварын ерөнхий газрын  дарга Б.Цогтнаран хуулийн төсөлд татварын данс битүүмжлэх ажиллагааг аж ахуйн нэгжийн ирээдүйд орж ирэх орлогынх нь 20 хувийг үлдээхээр тусгасан. Энэ хувь хэмжээг тогтоохдоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байхаар тогтоосон гэв. Мөн судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч ажилчдын цалин хөлс олгох, үйл ажиллагаа үргэлжлүүлэх зардал 50 хүртлэх хувь байсан гэдгийг дурдаад олон улсад татварын данс битүүмжлэх, орлого үлдээх хувь хэмжээ 10-50 хувийн хэлбэлзэлтэй байдаг хэмээн хариулав.

Ингээд Татварын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5  хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар танилцуулахаар тогтлоо.