Ж.Батжаргал: Нөөцийн махны 50 хувь орчим нь худалдаанд гараагүй байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар цаг үеийн асуудлаар мэдэээлэл сонсож, зарим асуудлыг хэлэлцжээ. Мөн Ерөнхий сайд Н.Учралын хотын даргыг огцруулах шийдвэрийн талаар ярилцсан байна.

Энэ талаар УИХ дахь Бүлгийн дарга Ж.Батжаргал "МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар тодорхой мэдээллийг бүлгийнхээ гишүүдэд өгсөн.  

Нийслэлийн засаг даргатай холбоотой үүссэн асуудлыг сонирхож байгаа байх. Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын хуульд заасны дагуу доод шатны засаг дарга хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгэж ажиллаагүй гэдэг үндэслэлээр Х.Нямбаатарыг хотын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж байна гэдгийг мэдээлсэн. 

Хотын том бүтээн байгуулалтын ажлуудыг урагш явуулахад эргэлзээгүй. Түүний хэрэгжиж буй байдал, бас иргэдээс ирүүлсэн асуудлуудыг шалгаж тодруулах үүднээс түр зогсоосон зүйлс байгаа гэдгээ илэрхийлсэн. Үүнийг хууль, шалгалтын байгууллага нягтлаад иргэдэд танилцуулна. 

Хоёрдугаарт, нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компаниудтай тодорхой үнээр гэрээлсэн юм билээ. Үхрийн мах 18 мянган төгрөг, хонины мах 15 мянган төгрөг зэргээр худалдаанд гаргахаар тооцоолсон. Гэтэл нөөцийн махны 50 хувь орчим нь худалдаанд гараагүй байна. 

Бэлтгэсэн компаниудад 1200 тонн орчим мах агуулахад байгаа юм байна. Үүнийг гүйцэд гаргахгүй байна. Цаана нь 1300 тонн орчим махны асуудлыг тодруулах шаардлагатай" гэлээ.