У.Хүрэлсүх: Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрэхэд Та бүхний оруулсан хувь нэмэр их
Б.Энхбаяр: Дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд НИТХ-аас нэр дэвшүүлнэ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа. Улмаар нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр орлогч Б.Мөнхбат ажиллахыг мэдэгдэж, тамга гардуулав.
Энэ үеэр "Би дөнгөж сая нэгдмэл Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа. Зүгээр нэг нэгдмэл улс гэж онцолж хэлсэнгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг Монгол Улсын Их хурал, нэг Ерөнхий сайдтай, нэг ард түмэнтэй улс.
Ерөнхий сайдын захирамж Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн хүрээнд гарсныг Та бүхэнд танилцуулж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай хуульд заасанчлан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарснаар дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд НИТХ-аас нэр дэвшүүлэхээр хуульчилсан. Энэ хууль тогтоомжийн дагуу дараагийн Нийслэлийн Засаг даргыг нэр дэвшүүлж томилох хүртэлх хугацаанд Б.Мөнхбат дарга үүрэг гүйцэтгэнэ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд Монгол Улсын Үндсэн хууль, төр ёс, ард түмэнд үйлчлэх үндсэн чиг үүргээ хуулийн дагуу, хэвийн, тасралтгүй явуулахыг Ерөнхий сайд үүрэг болголсныг танилцуулж, чиглэл болгож байна" гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр онцолсон юм.