Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал дэмжигдлээ

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 05 дугаар сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Таван зүйлтэй тус хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихыг дэмжиж байгаа ч хуулийн төсөл боловсруулж хэлэлцэх нь зөв гарц мөн эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан ажлын хэсэг гаргаад тухайн төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэлийг биечлэн танилцах нь зүйтэй гэхийн зэрэгцээ төсөл батлагдсанаар ямар үр дүн гарахыг, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийн 4 дүгээр зүйлд “Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийн талаарх тайланг тухайн жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн хамт Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэдэгт илүү тодорхой хугацаа зааж болох эсэхийг лавлаж, ажлын хэсгээс хариулт тайлбар авлаа.

 

Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.