77 сургуульд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байна

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Х.Баасанжаргал, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Ж.Галбадрах, мөн хуралдаан даргалагч О.Номинчимэг нар асуулт асууж, Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын холбогдох албаны хүмүүсээс хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эмнэлгүүдийн өр төлбөр ямар байгаа, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг бууруулж байгаа бол ямар тусламж, үйлчилгээний зардлыг хасаж, төсвийн хэмнэлтэд хамруулж байгаа, үүнд ямар шалгуур баримталсан зэргийг асуув. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал “гэрт ойр сургууль” хөтөлбөрт тусгагдсан 50 тэрбум төгрөгийн зориулалтыг задлан үзсэнээ дурдаж, хэд хэдэн хувийн сургуульд хувьсах зардал болон тоног төхөөрөмжийн зардал хуваарилсныг тодруулан асууж, хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа энэ талаар хөндөж, нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тооцох итгэлцүүр нь тухайн сургууль олон сурагчтай, ачаалал ихтэй байх тусам хувьсах зардлын дүн нь багасч байхаар томьёолсон нь зохимжгүй гэсэн байр сууриа илэрхийлж, тайлбар авсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, асаргааны болон тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зардал буурч байгаа эсэх, энэ онд дэвшүүлсэн зорилтууд, байгууллага, аж ахуйн нэгжийн нийт ажилтнуудын тоонд харгалзах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь, квот хангагдсан эсэхийг хөндөж асуулаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах улсын төсвийг тодотгох зайлшгүй шаардлага, хүчин зүйл нь юу байсан, ямар үр дүн хүлээгдэж байгаа талаар Үндэсний Аудитын газраас, төрийн өмчийн сургуулиудын сургалтын чанарыг хэрхэн нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний хүрэлцээ ямар байгаа, 2021 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүртээмжийн асуудлыг шийдвэрлэсэн схемээр хотхоны бага сургуулийн асуудлыг шийдвэрлэх нь хэр оновчтой болон сургууль түрээслэх түрээсийн төлбөр шоо метр тутамд хэдэн төгрөг байгаа талаар Боловсролын яамны албан тушаалтнаас асууж, хариу авав. Мөн дунд сургуулийн анги дүүргэлтийн норм, энэ онд гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэхээр улсын төсөвт тусгаж баталсан 108 сургууль, 95 цэцэрлэгийн хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдсэн талаар Сангийн яамныхнаас асуусан юм. Улсын их Хурлын гишүүн Ж.Золжаргал төсвийн тодотголыг дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд урсгал зардлын хязгаарыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас ихгүй байхаар тогтоосон заалтыг хасахаар тусгасан нь ямар учир шалтгаантайг асууж, хариулт, тайлбар авлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэг төрийн өмчит компаниудын цэвэр ашгийг улсын төсөвт татан авах нь тухайн компаниудын менежмент, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой түвшинд хадгалахад сөрөг нөлөөтэй эсэх, эрчим хүчний салбарт олгохоор төлөвлөсөн 107 тэрбум төгрөгийн татаасын 50 тэрбумыг олгох БНХАУ-ын компанитай ямар нөхцөлтэй гэрээ байгуулж байгаа, цалинг нэмж байгаатай холбогдуулан хувийн хэвшилд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх зэрэг асуулт тавьсан юм.

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тус салбарт нийгмийн даатгалын шимтгэлийн 61.9 тэрбум төгрөгийн, эм, эмнэлгийн хэрэгслийн зардлын 130.0 тэрбум төгрөгийн өр төлбөр байгааг мэдээлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс оношийн хамааралтай бүлгүүдийн санхүүжилтэд тодорхой зохицуулгууд оруулж, тарифыг 8.0 хувиар нэмэгдүүлсэн тул өр төлбөр оны эцэст буурна гэлээ. Харин төсвийн тодотголд эрүүл мэндийн даатгалын зардлын дахин хуваарилалтад 79.3 тэрбум төгрөг, сайдын багцын эмнэлгүүдэд 10.9 тэрбум төгрөг нэмж хуваарилж буй талаар тайлбарлалаа. Боловсролын яамны Боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газрын дарга А.Мөнх-Оргил энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 77 сургуульд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байгааг дурдаад, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц бодлогын хүрээнд “гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хувийн хэмшилтэй хамтран хэрэгжүүлнэ гэсэн юм. Сургуулиудын ачааллыг бууруулах шаардлагатай нийслэлийн хэмжээний 43 байршилд судалгаа хийж, 38 байршилд цэцэрлэгийн барилгыг сургууль болгон ашиглах, гурван байршилд хувийн сургуультай хамтран ажиллахаар болсон талаар тэрбээр тайлбарлаж, тоног төхөөрөмж нийлүүлж, түр ашиглуулахаар төсвийн тодотголд тусгасан төрөлжсөн ахлах сургуулиуд бүгд их, дээд сургуулиудын харьяа ахлах, лицей сургуулиуд юм гэв. Хувьсах зардлын итгэлцүүр бол тухайн сургуулиудад байх ёстой, хүүхдэд чанартай сургалт хүргэх бүхий л хэрэглэгдэхүүн, хүчин зүйлсээр тооцдог тохируулга болохыг тэрбээр тайлбарлаж, сургууль түрээслэх нэгж үнийг метр квадрат тутамд 48000 төгрөгөөр гэрээлж байгааг мэдээлсэн юм.