С.Магнайсүрэн: Төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа. (Аудитын дүгнэлтийг эндээс)
Ерөнхий аудитор төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна. Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогын холбогдох зорилтуудтай нийцсэн боловч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэснийг онцлов.