Ажлын хэсгийн нэмсэн хэсгийг хуулийн төслөөс хасах зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан танилцууллаа. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгаж, эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Түүний хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Д.Рэгдэл, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авсан юм. Эхийг урамшуулах, хүүхдийг үрчлүүлэх зэрэг асуудлуудыг хуульд тодорхой тусгаж, журам дүрмээр зохицуулж буй зүйлийг нарийвчлан зохицуулах нь зүйтэй гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара монгол хүнтэй ханилж, олон хүүхэд төрүүлсэн гадаадын иргэдийг хэрхэн урамшуулалд хамруулах талаар асуулт асууж, хариулт авав. “Эхийн алдар” одон авах эрх үүсэж, одонгоо авсан эх бага хүүхдээ өөр хүнд үрчлүүлэхэд үрчилж авсан эх одон авах болзол хангавал хэрхэн шийдэх вэ гэсэн асуултыг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл асууж, давхардлыг арилгах зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен төрсний гэрчилгээгээ авсны дараа хүүхэд эндэх, удаан амьдрахгүй гажигтай хүүхэд гарах зэрэг тохиолдлууд цөөнгүй байдгийг дурдаж, олон хүүхэд нь эндсэн эхчүүд урамшуулал авахаар болж, улсын төсөвт дарамт үүсэх эрсдэл гарахаас болгоомжлох нь зүйтэй гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачилсан анхны төслөөр хэвээр үлдээх зарчмын зөрүүтэй санал гаргав. Тодруулбал, хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахлагчтай ажлын хэсгээс үрчлэн авсан хүүхдэд тавигдах “тэр үед гурав хүртэлх насанд нь” гэсэн шалгуурыг хуулиас хасах саналыг нэмсэн юм. Ажлын хэсгийн энэ саналыг хуулийн төслөөс хасах Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.0 хувь нь дэмжлээ.