Иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах шаардлагатай

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг нээлттэй сонсож, хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд орон сууцны залилангийн хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар Мөрдөн шалгах албаны дэд дарга, Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр танилцуулга хийлээ. Тэрбээр энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирсон иргэд, хохирлын хэмжээний талаар статистик мэдээллийг өгч, мөрдөн шалгахад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар товч танилцуулсан юм. Сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн 39.665 тохиолдол бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэргийг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 2025 онд үүнээс 325 хэргийг шийдвэрлэсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 232 хэргийг шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэг шалгагдаж байгаа ажээ. Эдгээрээс “Марч констракшн”, “Азийн зам”, “Ногоон хөгжил үндэсний нэгдэл”, “Авес гранд”, “Цоба хаус”, “Эбо даймонд” зэрэг  хуулийн этгээдэд холбогдох хэргүүд нь олон хохирогчтой, хохирлын хэмжээ өндөр байна.

Цагдаагийн байгууллага энэ хэргийг мөрдөн шалгахад хохирсон иргэн, хуулийн этгээд хугацаа алдаж ханддаг, иргэдээс татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөөр хуулийн этгээд ямар хэмжээний барилгын ажил хийснийг тогтооход санхүүгийн баримт, материал, тооцоо дутуугаас шалтгаалан аудит, эдийн засгийн шинжээчийн дүгнэлт удааширдаг, мөн иргэд Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан байхад давхар цагдаагийн байгууллагад гомдол гаргадгаас мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын байгууллага үйлдэл холбогдлийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд гарч, энэ нь мөрдөгчийн ажил ачааллыг нэмэгдүүлж, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд хүндрэл учирч байгааг хурандаа Б.Батдэлгэр дурдав. Түүнчлэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газруудад гаргасан гомдлуудыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан үндсэн хэрэгт нэгтгэн шалгахад хугацаа орж буй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгчөөс оролцогчдыг дуудан ирүүлэх процесс нь эрх зүйн үр дагаваргүй, албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй байгаа нь шалгалтын ажиллагаа удаашрах нөхцөл болж байгааг хэлсэн юм. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт “...Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно...” гэж заасан боловч санхүүгийн эх үүсвэргүй, чадамжгүй хуулийн этгээдүүд орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдтэй гэрээ байгуулан мөнгө татан төвлөрүүлж буй нь гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл үүсгэж байгааг онцлов.

Нөхцөл байдалтай уялдуулан баригдаж дуусаагүй барилгыг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж,  бүртгүүлсэн зургийн дагуу захиалгын гэрээ байгуулсан иргэд Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасан “Урьдчилсан тэмдэглэл” хийлгэх, орон сууцны захиалгын гэрээг “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”, “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль”-д нийцүүлэн бүртгэлжүүлэх, захиалгын гэрээний дагуу орон сууцаа бариагүй аж ахуйн нэгжүүдийг “Хар жагсаалт”-д оруулдаг байх, газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөлгүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах шаардлагатай гэсэн саналыг Цагдаагийн байгууллагаас тавьсан юм.