"Шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгоно"

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Монгол Улсын Их Хурал дараах  зургаан төрлийн арга хэрэгслийн дагуу асуулт, асуулга, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх,  мэдээлэл сонсох,  тайлан,  илтгэл хэлэлцэх, төсвийн хяналт,  хяналтын сонсгол,  хянан шалгах түр хороо хууль хэрэгжүүлж буй Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагааг хянан шалгах Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах зорилгоор уг нэмэлт, өөрчлөлтийг өргөн төслийг боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан

Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглавар батлах хуулийн зохицуулалтыг сайжруулснаас гадна Байнгын, дэд хороо хянан шалгах ажлын хэсэг байгуулах тогтоолын хавсралтаараа тухайн ажлын хэсэг юуг, хэзээ, хэрхэн хянан шалгахыг тодорхой заахаар тусгасан нь бусад байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, парламентын хяналт үр дүнтэй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эсхүл хүчингүй болгох, хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох гэсэн үр дүнд хүрнэ гэж үзсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-д хүндэтгэлгүй хандах, худлаа мэдээлэл өгөх, өгсөн үүрэг чиглэлийг нь биелүүлэхгүй байх асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан талаар лавласан.

УИХ-ын дарга С.Бямбацогт, 2019 онд бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийг нэмэгдүүлсэн. Үүний хүрээнд 2020 онд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталсан хэмээсэн. Тэрбээр, Энэ хууль хэрэгжсэн 6 жилийн хугацаанд ямар алдаа дутагдал гарав, ямар асуудал нь орхигдсон гэдгийг нягтлаад нэмэлт, өөрчлөлтийг боловсруулан өргөн мэдүүлснийг УИХ-ын дарга тодруулаад, УИХ-д хүндэтгэлгүй хандах, худлаа мэдээлэл өгөх, өгсөн үүрэг чиглэлийг нь биелүүлэхгүй байх асуудлуудыг тодорхой тусгасан гэлээ.

УИХ-ын дарга, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ыг үл хүндэтгэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгаж, томилсон эрх бүхий этгээдэд нь албан бичиг илгээж, томилсон эрх бүхий этгээд ямар арга хэмжээ авсан талаараа заавал бичгээр хариу мэдэгдэх зохицуулалтыг оруулсан. Хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтөөр амлалтын бүртгэл, түүний хэрэгжилтэд хяналт тавих талаар тусган, албан тушаалтнууд УИХ-д дутуу мэдээллээ бичгээр хүргүүлнэ гэж хэлснийг нэг бүрчлэн бүртгээд эргүүлээд хариуцлага тооцдог болох зохицуулалтууд тусгасан гэлээ.

Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны явцад Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон бусад байгууллагын удирдлагаас өгсөн тодорхой хугацаатай, хэрэгжих боломжтой амлалтыг бүртгэн хэрэгжилтэд хяналт тавих, амлалтын биелэлт хангалтгүй, эсхүл хугацаа хоцорсон тохиолдолд холбогдох Байнгын хороо тухайн албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай бол хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх, үүрэг амлалтын бүртгэл, түүний хэрэгжилтэд хяналт тавих нарийвчилсан журмыг батлан хэрэгжүүлэх зохицуулалтыг шинээр нэмсэн байна.

Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.