Ж.Бат-Эрдэнэ: Ёс зүйн зөрчил гаргавал 30 хоногоор үг хэлэх эрхийг хасна

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Ес дэх парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд төсөл өргөн мэдүүлсэн өдөр хүртэл нийт 131 хууль, Улсын Их Хурлын 169 тогтоол баталсан нь өмнөх бүрэн эрхийн хугацаанд баталсан хуулийн 8.9 хувьтай дүйцэхээр байгааг тэрбээр тодотгов.

Түүнчлэн 2025 оны 7 дугаар сарын 09-ны өдрөөс Улсын Их Хурлын үйл ажиллагааг 8 Байнгын хороо, 15 дэд хороотой байхаар зохион байгуулсан. Ийнхүү зохион байгуулсанаас хойш 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 5 дэд хороо 1-2 удаа, 2026 оны хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш 5 дэд хороо 1-4 удаа тус тус хуралдсан бол 10 дэд хороо хуралдаагүй байна. Түүнчлэн 2024 оноос өнөөдрийг хүртэл ирц хүрээгүйн улмаас Байнгын хороодын хуралдаан 38 удаа, ирц бүрдсэн ч бусад шалтгаанаар 19 удаа, нийт 57 удаагийн хуралдаан хойшилсон. Нөгөө талаас Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Ёс зүйн дэд хороонд 7 гомдол, 2026 оны I улиралд Ёс зүйн дэд хороонд 52 гомдол ирсэн тоон мэдээ гарсан байна гэлээ.

Иймд, хууль санаачлагч бидний 12 гишүүн Улсын Их Хурлын гишүүдийн чуулганы хуралдааны ирц, санал хураалтад оролцож буй байдал, парламентад хэлэлцэж буй асуудлаарх улс төрийн зөвшилцлийг хангах, гишүүний ёс зүйн асуудал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр нөлөөтэй байдалд онцгой анхаарч Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн онцгой бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэх бодит хэрэгцээ шаардлага үүссэн бөгөөд энэ нь иргэдийн төрд итгэх итгэл, парламентын нэр хүндэд шууд нөлөөлж байна гэж дүгнэсэн хэмээсэн.

Үүний хүрээнд Улсын Их Хурлын зохион байгуулалтыг оновчлох, үйл ажиллагааг боловсронгуй болгох, гишүүдийн ирц, оролцоо, хариуцлагыг сайжруулах, Улсын Их Хурлын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй ажиллаж буй гишүүдийг дэмжих, хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг чанаржуулах, мэргэшсэн Байнгын хороодод түшиглэсэн парламентыг бэхжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Ц.Сандаг-Очир, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүний хамтаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлэх төслийг боловсруулсныг дурдав.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгож мэргэжлийн Байнгын хороог 11 болгож, дэд хороог 7 болгон цөөлөх, Улсын Их Хурлын гишүүний ирц, саналаа биечлэн өгсөн байдал, гадаад, дотоод албан томилолт, хуулийн төсөл санаачилсан, хамтран оролцсон, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал болон төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, хариуцлага хүлээсэн эсэх талаарх мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд тогтмол мэдээлэх тогтолцоо бүрдүүлснээр гишүүний хариуцлага дээшилж, Улсын Их Хурлын бүтээмж нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Гишүүний энэхүү оролцоо нь түүнд хариуцлага оногдуулах, нөгөөтээгүүр Байнгын, дэд хорооны даргаар сонгогдон ажиллах шалгуур болох шударга тогтолцоог бүрдүүлнэ гэж гэлээ.

Мөн хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлэг явуулж буй Байнгын хорооны хуралдааны явцад гишүүн төслийг мэтгэлцээний горимд шилжүүлэх санал гаргаснаар хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг мэтгэлцээний журмаар хэлэлцэх нь ойлголцол, зөвшилцөлийг хангаж, төслийн чанарт эерэгээр нөлөөлөх  төдийгүй  Улсын Их Хурлын дэг болон гишүүний ёс зүйн дүрэм зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнийг хүлээлгэх нөхцөлийг ажлын бодит үзүүлэлттэй уяснаар хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоо бүрдэнэ гэж үзэж буйгаа танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн асууж, үг хэлсэн тоо, гаргасан зарчмын зөрүүтэй саналын тоог нийтэлж, олон нийтэд хүргэснээр ажлыг нь хэмжих нь хэр оновчтойг тодруулж, гишүүн ёс зүйн зөрчил гаргавал 30 хүртэл хоногоор асуулт асуух, үг хэлэх эрхийг нь хасах үндэслэлийн талаар лавласан. Мөн  гишүүн ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны хуралдаан тасалсан бол ажлын хэсгийн гишүүнээс хасах нь зүйтэй эсэх талаар мэдээлэл хүссэн.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн зөрчил гаргавал 30 хоногоор үг хэлэх эрхийг хасах талаар төсөлд тусгаад байгаа ч хэлэлцүүлгийн явцад бүх намын төлөөлөл багтсан ажлын хэсгийг байгуулан асуудлыг хэлэлцээд явах бололцоотой гэдгийг тодотгосон юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.