Төрийн жинхэнэ албан хаагчийг 20 мянгаар цөөрүүлсэн, тухайн орон тоонд шинээр хүн авахгүй

Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг,  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслүүдийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Р.Батболд нар илтгэв. Эдгээр хуулиудын төслүүдийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй таван санал гаргасан хэмээн уншиж танилцууллаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн П.Батчимэг, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, П.Мөнхтулга, Д.Ганмаа, О.Саранчулуун, Дав.Цогтбаатар, Ө.Шижир, Б.Пүрэвдорж нарын асуултад хариулав. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах бодлогын чиглэл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих оновчтой түвшинд хүрэхгүй хэвээр байна гэсэн дүгнэлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгчээ. (Хуулийн төслүүдэд өгсөн хараат бус дүгнэлтийн дэлгэрэнгүйг эндээс уншина уу.)


Ж.Энхбаяр сайд, улсын төсвийн дийлэнх хэсгийг хүүхдийн мөнгө, цалин, нийгмийн даатгал, халамж зэрэг урсгал зардлын санхүүжилтэд зарцуулдаг. Энэ зардлыг 200 гаруй хуулиар хуульчилсан байдаг нь эдийн засагт дарамт учруулдаг. Төрийн жинхэнэ албан хаагчдын орон тоог 20 мянгаар цөөрүүлсэн, тухайн орон тоонд шинээр хүн авахгүй. Н.Учралын Засгийн газар чөлөөлөлтийг хийнэ. Эдийн засгийг чөлөөлөх багц хуулиудыг оруулж ирж, хэлэлцүүлнэ. Бараг бүх салбарт хөрөнгө оруулалтын асуудал дээд түвшиндээ хүрсэн. Засгийн газрын хуралдаанаар 115 хуулийг өөрчлөх төслийг хэлэлцээд дэмжсэн, удахгүй парламентад өргөн мэдүүлнэ гэсэн хариултуудыг өгсөн юм.