Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжинэ
"Дарамт учруулахгүй байхад анхаарах хэрэгтэй"
Дэд хорооны дарга, гишүүд 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид ажилласан талаарх мэдээллийг сонслоо. Уг мэдээллийн хуралдаан даргалагч Х.Баасанжаргал танилцуулсан юм. “Нэгүүн.мн” сайтын эрхлэгч, сэтгүүлч цагдан хоригдох явцдаа 120 цагийн турш өлсгөлөн зарласантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос өдөр бүр холбогдох хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн гэв.
Мөн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны төлөөллүүд тус ангид ажиллах үеэр уг асуудал хууль, дүрмийн дагуу байгаа эсэхэд анхаарал хандуулж, нөхцөл байдалтай танилцаад дараах дүгнэлтийг хийжээ. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын тухай нийтэд мэдээлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрхэм чанарыг хүндэтгэж, хуульд заасан хязгаарлалтыг мөрдүүлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй байна. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулж иргэнд хангалттай мэдээлэл өгч, танилцуулж, шийдвэр гаргах эрхээр бүрэн хангах шаардлагатай. Ар гэрийнхэнтэй нь уулзуулах зөвшөөрөл өгч буй байдалд үнэлгээ хийх, гэр бүлтэйгээ уулзахыг үндэслэлгүй хязгаарлаж, дарамт учруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулах, хорих ангийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дүрэм, журмыг нээлттэй, ил тод болгож, сайтар танилцуулдаг байх, өлсгөлөн зарласан үед үзлэг, хяналт тавьж буй эмчтэй итгэлцэл үүсгэхүйц харилцааны нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байна гэв.
Хүний эрхийн дэд хороо цаашид холбогдох байгууллагуудаас нэмэлт мэдээлэл гаргуулан авч, тухайн асуудалд хүний эрхийн дүн шинжилгээ хийнэ. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах хүртэл арга хэмжээ авах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг хүний эрхийн стандарт, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх санал боловсруулах шаардлагатай гэж үзжээ.