Ж.Энхбаяр: "Хэрэгжих боломжгүй" гэж дүгнэсэн 26 заалт бий
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам”-ын дагуу Эдийн засгийн Байнгын хороонд хамаарах 2026 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газарт өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэжээ. Үнэлгээний дүнгээр бол тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-аас баталсан 117 шийдвэрийн 745 зүйл, заалт хяналтад байгаа бөгөөд биелэлт 81.9 хувьтай, "хэрэгжих боломжгүй" гэж дүгнэсэн 26 заалт бий гэв. Мөн 483 зүйл, заалтыг хяналтаас хасах саналтай байгаа нь бүртгэл хяналтын жагсаалтыг цэгцлэх шаардлага бий болсныг харуулж байна. Иймд бүрэн хэрэгжсэн, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, дараагийн шийдвэр гарсан заалтуудыг цахим системийн бүртгэлийн хяналтаас хасч, одоо хэрэгжиж байгаа шийдвэрүүдэд гол анхаарлаа хандуулж ажиллах нь хэрэгжилтийг хангуулж, үр дүн гаргахад тустай байгааг анхаарч үзэхийг хүсье хэмээн Ж.Энхбаяр сайд илтгэв. Танилцуулгад Байнгын хорооны түвшинд авах арга хэмжээний саналыг мөн багтаажээ. Үүнд, хяналтаас хасах зүйл, заалтуудыг үндэслэл тус бүрээр хянан хэлэлцэж, шийдвэрлэх, "удаашралтай" гэж үнэлэгдсэн 59 заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Байнгын хорооны тогтоолоор үүрэг, чиглэл өгөхдөө хэрэгжүүлэх чиг үүрэг, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлтийг тодорхой заахыг тусгасан байв.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат зээлийн хүүг бууруулах чиглэлээр, төрийн худалдан авалттай холбоотой арга хэмжээ авсан эсэх, эдийн засгийн суурь салбар болох мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн явц, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, заалтуудыг хасах саналын талаар, УИХ-ын гишүүн Г.Очирбат банкууд мөнгөн гүйлгээнд валют гаргахаа больсон зэргийг хөндөж, асуулт тавив.

Түүнчлэн УИХ-ын гишүүн П.Батчимэг, хууль тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийг Засгийн газраас тайлагнахдаа 483 зүйл, заалт хасуулах зорилготой орж ирснийг ноцтойд тооцож буйгаа илэрхийллээ. Тэрбээр парламент хэрэгжих боломжгүй шийдвэр гаргаж байсан гэсэн үг үү хэмээн тодруулав. Ажлын хэсгээс, хэрвээ Эдийн засгийн байнгын хороо эдгээр заалтыг хасах саналыг дэмжвэл зөвхөн хяналтын жагсаалтаас уг заалтууд хасагдаж, тайлангийн үнэлгээ буурна гэж хариуллаа.