Ирээдүй рүү чиглэсэн 1,2 их наяд
Аль ч цаг үед гудамжинд гаргаж болдоггүй хоёр асуудал гэж бий. Нэг нь боловсрол, нөгөөх нь эрүүл мэнд. Нийгэм хэдий чинээ боловсролгуй байна төдий чинээ хөгжлийн асуудал хоцорно. Яриад ч нэмэргүй. Эрүүл мэнд бүр ойлгомжтой. Хүн ам нь эрүүл байхын хэрээр, эмчилгээ, үйлчилгээ нь хүртээмжтэй байж гэмээнэ улсын оршин тогтнох үндэс бат бэх байх учиртай. Үндсэндээ энэ хоёр сэдэв тухайн улсын хөгжил, тусгаар тогтнолын суурь баталгаа болж байдаг. Болсоор ч байгаа. Тэгвэл Монгол Улсад эдгээр тогтолцоо ямар түвшинд явна вэ? Хариулт нь тодорхой.
Ерөөс боловсрол, эрүүл мэнд гэсэн зоосны хоёр тал шиг хэлхээтэй байх ёстой салбараа гаргуунд гаргаж ирсний горыг өнөөдөр нэг хэсэг нь бус нийтээрээ амсаж буй. Өөрөөр хэлбэл, жил бүрийн төсөв, татаас, хөрөнгө оруулалтаас зарцуулах мөнгөний хэмжээ боловсрол, эрүүл мэндийг дайрдаггүй тойрч ирсэн нь баллуурдаад арилахгүй үнэн.
Гагцхүү 2027 оны улсын төсөв цаасан дээрх хуурай тоо бус, монгол хүний оюун ухаан, эрүүл мэндэд шууд хүрэх бодит хөрөнгө оруулалтыг тусгаж чадлаа. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт 1 их наяд 192.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгаж, олон жил хүлээгдсэн суурь асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх нь.
Тухайлбал, улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжиж, үүнээс 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрны шав цоо шинээр тавихаар байна. Гурван ээлжийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд бодит цохилт өгөх бүтээн байгуулалт.
Төдийгөөс өдий хүртэл орхигдож ирсэн хот, хөдөө гэсэн заагийг бодлогоор халахаар болж байна. Ингэхдээ:
- Кембрижийн хөтөлбөртэй төрөлжсөн сургууль
- Google-ийн лаборатори сургууль
- Ногоон сургууль болон төрөлжсөн ахлах сургуулиуд
Наад зах нь хүүхдийн хоолны төсвийг 194.4 тэрбум төгрөгөөр огцом нэмлээ. Үр дүнд нь хоолны чанар, шим тэжээл эрс сайжирч, өмнө нь орхигдоод байсан 6, 7 дугаар ангийнхан үдийн хоолны хөтөлбөрт бүрэн хамрагдана.
Эрүүл мэндийн салбарт гэхэд 69 төсөлд 264.6 тэрбум төгрөг зарцуулж, улс даяар 44 эмнэлгийг барьж, өргөтгөж, засварлана. Үүнд монголчуудын гадагшаа урсгадаг валютыг эх орондоо үлдээх стратегийн төслүүд ч багтаж байна. Эдгээрт:
- Зүрх судасны үндэсний төв
- Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг
- Эх, нялхсын эмнэлгийн өргөтгөл
- Улсын гуравдугаар эмнэлгийн шинэчлэл зэргээр үргэлжилнэ.
Хамгийн чухал нь, эдгээр эмнэлгийг зүгээр нэг хоосон хана бус, орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдана.
Ахмадуудын нуруун дээрх эмийн дарамтыг мөн тэглэлээ. Зүрх судас, чихрийн шижин, даралтны эмээ авахдаа халааснаасаа НЭГ Ч ТӨГРӨГ ГАРГАХГҮЙ. Эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь даана. Тэтгэврийн хэдэн төгрөгөө эмэнд бус, амьдралдаа зарцуулах боломж ийнхүү бодит ажил боллоо. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гэдгийг энд тодотгоё.
Ямартай ч 1990 оноос шууд утгаараа орхигдож, замын дундаас нөхөөстэй дугуй шиг хий эргэж ирсэн боловсрол, эрүүл мэндийг салбарт анх удаагаа Төр гараа сунгаж, тодорхой төсөл, хөтөлбөрийг бодлогоор улсын төсөвт суулгаж, хуульчилсны үр дүнг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс бүх нийтээр мэдрэх нь.
Г.Эрхэс