Б.Даваадалай: Ногдол ашгийг 3.5 их наяд төгрөгт хүргэнэ
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай тус компани болон харьяа хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллааны талаар мэдээлэл танилцууллаа. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК 2007 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш холбогдох шийдвэрийн дагуу хуулийн этгээдүүд харьяалалд шилжжээ. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудыг нэгдлийн зарчмаар ажиллуулах, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” компани гүйцэтгэдэг байна. Нэгдлийн бүрэлдэхүүнд алт, мөнгө, зэс, нүүрс, хүдэр зэрэг ашигт малтмалыг хайх, олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 компани харьяалагддаг аж.
Тус нэгдэл нь иргэдэд байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээх хүрээнд төсөвт татвар, хураамжийг төвлөрүүлэх, Орон нутгийн хөгжлийн санд зохих хувийг хуваарилах ажлыг зохион байгуулдаг байна. Долоо хоногийн өмнө энэ жилийн 1 их наяд төгрөгийг төсөв рүү шилжүүлсэн болохыг Б.Даваадалай захирал мэдээллээ. Тус нэгдэл нь Үндэсний баялгийн санд 1.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн бол ногдол ашигт 1 их наяд төгрөгийг хуваарилжээ. Ирэх 2027 онд 3.5 их наяд төгрөгт хүргэх зорилт тавиад байгаа гэв.

Худалдан авах ажиллагааны тухайд толгой компани, харьяа компани ялгаатай байдаг байна. Толгой компани ерөнхий стратеги, бизнес төлөвлөгөөг баталж, аудит оруулж, үр дүнг хянадаг байна. Захиалагч өөрөө худалдан авалтыг хийх, эсвэл Төрийн худалдан авах газарт шилжүүлж болдог гэлээ. Уул уурхайн салбарын худалдан авалт нь олон жил үргэлжилдэг, өндөр дүнтэй гэрээ байгуулдагаараа онцлогтой. Хайгуул, техникийн бүтээмжийн эрсдэл ихтэй, баяжуулалтаас эхлээд нэмүү өртөг бүтээхтэй холбоотой олон төрлийн худалдан авалт, улмаар сэлбэг, түлш, дэд бүтэцтэй холбоотой шийдвэр, шийдлүүд багтдаг салбарын худалдан авалтын онцлогийг тооцох шаардлагатайг Б.Даваадалай дарга мэдээллийнхээ эхэнд танилцууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт танилцуулахад зориулан мэдээлэл, баримтыг цуглуулсан талаарх тайлбараа хэлээд, тус нэгдэл өнгөрсөн хугацаанд 37.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн гэдэг дүнг танилцууллаа. Дийлэнх худалдан авалт 2018 оноос хийгдсэн болохыг тодотгоод, тэр дундаа Тавантолгой компанийн үйлдвэрлэлийн өргөтгөлтэй холбоотой худалдан авалтуудын дүнд өртөгт огцом өөрчлөлт орсон болохыг тайлбарлаж байлаа. Давхардсан тоогоор 29418 аж ахуйн нэгжээс худалдан авалт хийсний 73 хувь нь нээлттэй тендерээр авсан байна. Нийт худалдан авалтын 91 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хийжээ. Тодруулбал, нийт худалдан авалтын 56 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 36 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 2 хувийг “Монголросцветмет” ТӨҮГ, мөн хувийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, 1 хувийг “Багануур” ХК, үлдсэн 3 хувийг бусад 9 компани хийжээ. Гэрээт олборлолт, хөрс хуулалт, тэсэлгээ зэрэг үйлчилгээний худалдан авалт дийлэнх буюу 49 хувийн худалдан авалтыг эзэлж байгаа бол барилга, угсралт, засварын үйлчилгээ, бараа, ажил 9 хувь, түлш, тосолгооны чиглэлийн худалдан авалт 8 хувь, сэлбэг, эд ангийн худалдан авалт 6 хувь, машин, тоног төхөөрөмжийн худалдан авалт 5.5 хувь, химийн урвалж, бодисын худалдан авалт 3.4 хувийг эзэлж байгаа гэх дүнг танилцуулсан. Холбогдох хууль тогтоомж, баримт бичгийн дагуу эдгээр худалдан авалтын 73 хувь нь нээлттэй тендер шалгаруулалтаар явагдсан бөгөөд үлдсэн хувийн задаргаа, тайлбар, холбогдох эрх зүйн орчны талаар Б.Даваадалай захирал танилцууллаа. Үргэлжлүүлэн тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, бусад компанийн худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн задаргаа, баримтыг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн толгой компанийн худалдан авалтын талаар мэдээлэл өгөв. Байгуулагдсанаас хойш 19 жилийн хугацаанд 229 гэрээний хүрээнд 152 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Гол худалдан авалт нь хайгуулын зардал болохыг тайлбарласан.
Үргэлжлүүлэн тэрбээр тус нэгдлийн тендертэй холбоотой гомдлын талаар танилцууллаа. 2018-2026 онд 1500 орчим гомдол Сангийн яаманд бүртгэгдсэн бөгөөд 50 хувь нь үндэслэлтэй хэмээн дүгнэгджээ.Үүний учир шалтгаан, бусад улсын жишиг, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа дэлгэрэнгүй танилцуулсан.