Б.Цэнгэл: Жил ирэх тусам зөрчлийн тоо, мөнгөн дүн буурч байгаа
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2006-2026 оны төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа танилцуулав. Худалдан авах ажиллагаанд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын оролцооны талаар танилцуулахдаа 2016 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулагдахдаа худалдан авах ажиллагааны хариуцсан нэгжтэй байхаар зохион байгуулжээ. Улмаар 2019 онд Төрийн худалдан авах ажиллагааны газрыг байгуулснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргээ тус агентлагт шилжүүлсэн гэв. Тэрбээр энэхүү танилцуулж буй мэдээллийг 2017 оноос хойших буюу цахим сангийн өгөгдөлд тулгуурлан нэгтгэсэн гэдгээ онцоллоо. 2017 оноос өмнөх баримтууд цахим санд ороогүй байгааг тайлбарласан. 2017-2026 оны хооронд нийтдээ 49236 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлжээ. Эдгээрийн нийт төсөвт өртөг нь 73.8 их наяд төгрөг, тухайн жилдээ санхүүжүүлсэн өртөг нь 41.1 их наяд төгрөг, гэрээ байгуулсан дүн нь 30.5 их наяд төгрөг аж. Хамрагдаж буй 10 жилийн гүйцэтгэлийн дундаж нь хангалтгүй буюу 41.38 хувьтай гарсныг Б.Цэнгэл дарга танилцууллаа. Үргэлжлүүлэн тэрбээр тухайн хугацааны төрийн худалдан авах ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын оролцооны талаарх мэдээлэл, баримтыг танилцуулсан юм. Түүнчлэн худалдан авах ажиллагааны өндөр гүйцэтгэлийн дүнтэй аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл өгөв. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет” ХХК, Дулааны IV цахилгаан станц болон бусад станц хамгийн том худалдан авалт хийдэг гэлээ.
Төрийн өмчит 83 компанийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний талаар мэдээлэл танилцуулсан. Энэ хүрээнд нийтдээ 11.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 5734 арга хэмжээний тухай жилд санхүүжих дүн нь 6.5 их наяд төгрөг юм байна. Төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө буюу худалдан авалтын төлөвлөгөөгөө батлуулдаг байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хувьд ихэнх нь улсын үйлдвэрийн газар статустай, харьяа 20 гаруй байгууллагынхаа батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, зохих хяналт, шалгалтыг хэрэгжүүлдэг байна. Сүүлийн 10 жилийн хугацааны хяналт, шалгалтын явцад батлагдсан төлөвлөгөөнд тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, эсхүл худалдан авсан зөрчил зонхилж байгаа гэлээ. Иймд тухай бүр нь холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаагийн үр дүнд жил ирэх тутам зөрчлийн тоо, мөнгөн дүн буурч байгааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга танилцуулж байв.
Мэдээллийнхээ төгсгөлд Б.Цэнгэл дарга ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн талаар болон хэрэгжилтийг хангах хүрээний бэлтгэл ажлын талаар танилцуулсан.