Г.Тэмүүлэн: Ижил тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн чухал

Нийтийн өргөдлийн www.d-urgudul.parliament.mn системээр иргэн Батболдын Болдбаатар “Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгнөөс дээш бол бүх насаар нь хорих тухай” өргөдөл гаргасныг 100 200 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Нийтийн өргөдлийн цахим системд энэ өргөдөл нийтлэгдсэнээс хойш яг ижил агуулга бүхий хууль бус хөрөнгийг хураах тухай 13 өргөдөл ирсэн гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга танилцуулсан юм. Иргэдийн шударга ёсны шаардлага, төрд итгэх итгэлтэй холбоотой аливаа асуудлыг парламент анхааралтай авч үзэх үүрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Д.Ганмаа, С.Замира, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

2026-11-18 16.14.55.jpg

Авлигын хэрэгт оногдуулж буй ял шийтгэл хангалтгүй, хууль бус хөрөнгийг хураах тогтолцоо иргэдийн итгэл төрүүлэхгүй байгааг энэ өргөдөл, түүний дэмжлэгийн тоо харуулж байна гэж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцлов. Тэрбээр ял шийтгэлийн үр нөлөөний тухай тодруулан лавлаж, хөрөнгө хураах, бүх насаар хорих ялууд тохирсон байх зарчимд нийцэж буй эсэхийг асууж, хариулт авав.

Түүнд өгсөн хариултдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн шударга ёсны зарчмыг алдуулахгүй байх, хууль, шүүхийн өмнө хүн бүр ижил тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн чухал гэдгийг дурдсан бол Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч Ж.Амгалан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгээр шийдвэрлэж буй тухай танилцуулж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэдгийг хэлэв. Хуулийн төсөлд албан тушаалын хэрэгт оногдуулж буй ялыг учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч ялгамжтай оногдуулах, хахуулийн хэмжээ, үндэслэлгүй хөрөнгөжсөн дүнг мөн харгалзах, хорих ялын хугацааг 20 жил хүртэл нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгаж буй ажээ.