З.Мэндсайхан: Эхлэх орлогын босго 6 тэрбум байсныг 10 тэрбум болгох

Засгийн газраас энэ сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан тавилаа. Тэрбээр илтгэлээ, хуулийн төсөл нь татвар ногдуулах орлогын босгыг нэмэгдүүлэх, шатлалыг өөрчлөх, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэмэгдүүлэх, тайлан гаргах хугацааг уян хатан болгох, бизнес эрхлэхэд татварын орчныг илүү хялбар, энгийн, ойлгомжтой болгоход чиглэж буйг онцолсон юм. Тухайлбал, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын 1.0 хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөх, албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх орлогын босго 6 тэрбум байсныг 10 тэрбум болгох, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар ногдуулж хөнгөлөх, виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг хөнгөлж, их хэмжээний өгөгдлийн сервер, супер компьютер элэгдэх хугацааг гурван жил болгох, татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан уншиж танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуульд өөрчлөлт орсноор хэчнээн тооны аж ахуйн нэгж, ямар хэмжээний  хөнгөлөлт эдлэхийг асууж хариулт авсан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Б.Заяабал, Б.Батбаатар, Б.Түвшин, Б.Жавхлан нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд татвар төлөгчдийг хэрхэн дэмжих, тэр дундаа жижиг, дунд бизнесийг яаж дэмжих, татварын ачаалал бодитойгоор буурах эсэх, бизнесийн орчныг эрүүлжүүлж, өрсөлдөх чадвар сайжруулах тухай тодорхой асуудлуудыг хөндөж, хариулт авсан юм. Мөн ААНОАТ-ын шатлал, орлогын босго, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, хөнгөлөлт, чөлөөлөлтийг хавтгайруулахгүй байх талаар ямар бодлого баримталж байгаа, аж ахуйн нэгжүүд хуваагдаж жижигрэх эсэх, эхлэлийн тодорхой хугацаанд нь бизнес эрхлэгчдэд 100 хувийн чөлөөлөлт өгдөг байх боломж бий, эсэх, бодит татварыг нэрлэсэн татвартай ойртуулах, бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын асуултуудыг тавьж байлаа. Хууль батлагдсанаар эдийн засгийн хүндрэлтэй үед богино хугацаанд өсөлтийг дэмжиж, нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан тайлбарлалаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэллээ. Тэрбээр Засгийн газраас өмнө нь өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь буцааж татсанд харамсаж байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн дараа санал хураалт явуулахад ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.