Ж.Золжаргал: Төсөв шимж амьдардаг бизнес бүхий бүхэл бүтэн тогтолцоо бий боллоо
Хил холболтын төмөр замын “БЭТ” нь Ерөнхий сайд өөрөө байх нь!
Тавантолгой, нүүрсний хулгай, Бүрэн эрхт төлөөлөгч, төмөр зам, “Нээлттэй сонсгол”, өргөн, нарийн царигийн маргаан, алдагдсан боломжийн өртөг. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш хамгийн их хөндсөн нь эдгээр сэдэв. Олон ч удаа гал атгасан, олон ч асуудлын ард гарав. Түрүүчээсээ үр дүн гарсан, төсвийн орлого мэдэгдэхүйц өсөв. ДНБ-ний хэмжээ ч 2021 оноос жил бүр 1000 ам.доллараар нэмэгдэж, энэ оны гүйцэтгэлээр 6,800 орчим ам.долларт хүргэхээр тооцоолов. Гэхдээ энэ нь тайвшрах шалтгаан биш байжээ. Ерөнхий сайд болсон даруйдаа урд хөршийг зорих давтамжийг тогтмолжуулсан тэрбээр ШХАБ-ын уулзалтад оролцоод буцахдаа мөн л Бээжинд саатаж, Хятадын томоохон групп, компанийн удирдлагуудтай зарим тохиролцоог хийсэн байдаг.
Тэдгээрээс хамгийн том нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг эрчимжүүлэх талаар “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн даргатай хийсэн тохироо. Сонирхолтой нь, Монгол Улсын Ерөнхий сайдтай тохиролцсон агуулгынхаа хүрээнд тус группээс Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх тухай хүсэлтийг ирүүлснийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.
Улмаар хүсэлтийг судалж, УИХ, Засгийн газарт танилцуулах, холбогдох хууль болон 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт үүрэг болгосон байна. Шаардлагатай тохиолдолд тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, ирэх сард багтааж шийдвэрлүүлэхийг мөн даалгажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг Бээжинд ажиллах үеэр харилцан тохиролцсон асуудал 10 хоногийн дараа ийнхүү албажив. Ингэхдээ 1955 оны "Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр" болон "Гашуунсухайт-Ганцмод" хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ирэх арваннэгдүгээр сард багтааж хөндөхөөр болж байна.
Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой байлгах зорилгоор хамтарсан Засгийн газрыг байгуулж, хөгжлийн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнууд, түнш байгууллагуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр зарласан. Ирэх оны төсвийн төслийг ч бүсчилсэн хөгжлийн зарчимд нийцүүлэн боловсруулсныг өдгөө парламентаар хэлэлцэж буй. Үүнээс эхний ээлжид хэрэгжүүлэх дөрвөн төслийн нэг нь “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт. Гагцхүү урд хөрштэйгөө Засгийн газрын түвшинд гар барьсан томоохон төсөл, хөтөлбөрийг хөрсөн дээр буулгах хамгийн эхний алхмыг холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж байх шиг. Шаардлагатай гэж үзвэл тусгайлсан хуулийн төсөл ч боловсруулах мессежийг улс төрийн хүрээнд өгсөн нь хил холболтын төмөр замыг бүтээн байгуулах “БЭТ” нь Ерөнхий сайд өөрөө байх зарласнаас өөрцгүй харагдаж байна.
УИХ-ын 68 дугаар тогтоолд тусгаснаар хилийн боомт дахь ачаа тээврийн урсгалыг сайжруулах, нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Л.Оюун-Эрдэнэд даалгасан байдаг. Үүнд:
- 1/ 1955 оны "Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр"-т өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах;
- 2/ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр"-ийн хэрэгжилтийн хүрээнд бусад боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт, хил холболтыг эрчимжүүлэх;
- 3/ "Гашуунсухайт-Ганцмод" хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зураг төслийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх "Ганцмод" боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас санхүүжүүлэх;
- 4/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх "Ганцмод" боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компани болон "Эрдэнэс Тавантолгой" ХК хооронд үе шаттайгаар жил бүр 20 сая тонноос доошгүй хэмжээний нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацааны худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх;
- 5/ Энэ тогтоолын дагуу байгуулах аливаа гэрээг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөл /off-take/-өөр байгуулахгүй байх;
- 6/ Тавантолгойн нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бусад уул уурхайн болон уул уурхайн бус бүтээгдэхүүн, бараа, түүхий эдийг тээвэрлэх боломжийг бүрдүүлэх;
- 7/ Энэ тогтоолын 1 дэх заалтын 3, 4 дэх дэд заалтад заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, хамтран ажиллах;
- 8/ "Гашуунсухайт-Ганцмод" хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор газар ашиглах асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авах.
С.Сүлд