Оны төгсгөл дээрх Л.Оюун-Эрдэнийн СӨРСӨН БАЗАА!
Ардчилалд шилжихийн сацуу Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоог хөгжлийн луужингаа болгосон Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллага саяхныг хүртэл 76 гишүүний бүрэлдэхүүнтэй байлаа. Бүрэлдэхүүн гэхээсээ эрх мэдлийн бөөгнөрөл бас том эрх ашгийн сүүдэрт даруй 32 жилийг үджээ. Гэдэг нь Ерөнхий сайд тэргүүтэй танхимын гишүүдийг томилж, сонгож, огцруулж мөн чөлөөлөхөд УИХ-аар оруулж шийднэ. Улс орны урт хугацааны хөгжлийг тодорхойлох том төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд тэднээс л зөвшөөрөл авна. Гадаад, дотоодын улс төр, бизнес дамнасан эрх ашиг бүхий бүлэглэлийн том бас хүчтэй дуу хоолой хаана хамгийн чанга сонсогдож, хөндлөн тэгнэж зогссон шиг гацааж, нураадаг дүр зураг ерөөсөө л Монголын парламентад байлаа шүү дээ.
Эрчим хүчний шинэ эх үүсвэргүй, төмөр замын шинэ холболтгүй, бүр цаашлаад “Эрдэнэт”-ээс өөр нүүр тахлах бүтээн байгуулалтгүй ХХI зуунтай золгосон нь гашуун бөгөөд цорын ганц сургамж байв. Нүүрстэй юу нүүрстэй, алттай бий юу бий. Зэсийн олборлолтоор дэлхийн эхний тавд багтах хэмжээний Оюу Толгой төсөл нь Монголынх. Уран байна уу, байна. Газрын ховор элемент нь ч мөн адилхан. Гэвч зөвхөн эрчим хүчний эх үүсвэр дээрх эрх ашгийн нөлөө нүүрсээр дамжсан төдийгүй төмөр зам зэрэг хэд хэдэн мега төслийг үе үеийн парламент, Засгийн газар дамнаж дөмөгхөн зогсоох хүртлээ томорч бас даамжирч, даам гарсныг 2010-2024 оны хоорон дахь цаг хугацаа хангалттай харуулсан, бид ч харцгаасан. Эцсийн дүндээ нам, бизнес дамнасан бүлэглэл гэгддэг “30 гэр бүл” гэх нэр томъёо хүртэл гарсан нь зүгээр ч таамаг төдий хардлага биш байв.
Байгалийн баялаг нь бүх ард түмний өмч атлаа авах ашиг нь хэдхэн хүний гарт төвлөрч, хүртэж ирсэн нь хэтэвч нэгтэй хэсэг бүлгийг тойглож, томруулснаас бусдаар Монгол Улсын хөгжилд жин дараагүй үүний бэлээхэн жишээ. Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг 2009 онд анх баталж, Баялгийн сангаар дамжуулж бүх нийтээрээ өгөөж хүртэх асуудлыг эхлүүлсэн ч өнөөх нь бодит ажил хэрэг болж чадахгүй явсаар улсаараа өр төлбөрт орсон цаг үе саяхных. Гагцхүү шинэ юм гэдэг шинэ юм л байдаг ажээ. Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хуримтлагдаж энэ хүрсэн асуудлын зангилаа хуульдаа биш бүхэлдээ системийн гажуудалдаа байсныг оношилж, тодорхойлсон нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байлаа. Гэхдээ л хувьсгалын тохироо нь хараахан бүрдэж чадахгүй явсаар сонгуулийн мөчлөгт тулсан нь 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр.
Яг энэ цаг үед хууль санаачлах онцгой эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлж, өөрөө чуулганы индрээс мэдэгдэл хийсэн хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэгэхдээ гуравхан агуулгыг УИХ-ын гишүүдэд дайж, мөн амыг нь асуусан түүхтэй. Тэдгээр нь Ард түмний төлөөлөл иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? хэмээх асуулт бүхий агуулга. Хөгжлийн банк болон нүүрсний хулгайчдыг түрүүчээс нь илчилж, басчхүү багийг нь хуу татахын хэрээр парламентад итгэх иргэдийн итгэл алдуурсан цаг үед гишүүдийнх нь тоог 126 болгож нэмэгдүүлж, бүр Үндсэн хуульдаа дархлах асуудлыг хөндөх нь мэдээж амаргүй. Баргийн улстөрчөөс гарах зориг лав биш. Гэхдээ л Л.Оюун-Эрдэнэ чадсан, чадах, чадахдаа сонгуулийн тогтолцоог холимог болгож УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн.
Тэр нь ч алдаа байгаагүй. Геополитикийн өөрчлөлт бүхий олон туйлт дэлхий, нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах, эдийн засгийн их үсрэлт рүү чиглэсэн түүний нүүдэл “бай”-ндаа туссан юм. УИХ-ын сонгууль болдгоороо болсон, холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй парламентыг анх удаагаа сонгов. Араас нь УИХ-д суудалтай АН, ХҮН-ын төлөөллөөс бүрдсэн Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж, айдсын менежментэд дөрөөлж, аль болох гацааж, зогсоож, нурааж ирсэн томоохон мега төслүүдээс 14-ийг нь жагсааж, эрэмбэлээд түрүүчээс нь эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг 126 гишүүнтэй парламент ёсчлов.
Энэ хооронд хэчнээн ч улс төрийн акц улс орон даяар өрнөж амжлаа. Тэдгээрийн дийлэнх буюу олонх нь Л.Оюун-Эрдэнийн танхимыг чиглэж, чиглэсээр буй нь мэдээж цаг хугацааны давхцал биш байв. Ерөөсөө л өнгөрсөн 32 жилийн хугацаанд Төрийн шийдвэр төдийгүй том төслүүдийн ард ил, далд оролцоотой явсан өнөөх нам, бизнес дамнасан бүлэглэлийн зүгээс өгч буй анхааруулга гэдэг нь ойлгомжтой, хэн бүхэнд тодорхой байх шиг. Гэвч хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг үнэн бололтой. Хөгжлийн банк, нүүрсний хулгайг илчлэхдээ л энэ бүх сорилттой тулгарсан Ерөнхий сайдын оны төгсгөл дээрх СӨРСӨН БАЗАА нь “Чингис Хаан” Үндэсний баялгийн сангийн тухай мэдээлэл байв. 12 жилийн тэртээ улсаараа дэнчин тавьж, олон улсын зах зээлээс босгож асан 1.5 тэрбум ам.долларын бондоос тэс өөр шүү!
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аас баталсан. Олон ч эсэргүүцэлтэй нүүр тулсан улс төрийн хүрээллээс ч, нэр бүхий компаниудын зүгээс ч. Хуулийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн ч баялгаа ашиглаж, хүртэж, нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чаддаг байх эрх зүйн боломж бас зарчим бий болсныг Ерөнхий сайд таницуулгынхаа эхэнд онцлоно лээ. Жишээ нь, Ирээдүйн өв сан. Хуримтлалаа нийт баялгийн санг арвижуулахад захиран зарцуулах зохицуулалттай. Энэ сангийн хуримтлал гэхэд 4 их наяд төгрөгт хүрчээ.
Хуримтлалын санд гэхэд 2024 оны жилийн эцсээр 497 тэрбум төгрөг бүрджээ. Монгол Улсын нийт иргэндээ хуваахад 135 мянган төгрөг болно. Хуулийг баталсны дараа өгч байсан мэдээлэлд дурдсанаар “И-Монголиа” системд иргэн бүрд данс нээж эхний ногдол ашгийг хуваарилсан гэсэн үг. Ердөө баталгаажуулаад карт, хадгаламжийн дэвтэр хэлбэрээр авч боломжтой. Үндсэндээ иргэдийн хувьд хадгаламж байдлаар ашиглах зохицуулалт энэ сангийнх. Цаашдаа орон сууц, боловсрол, эрүүл мэнд зэрэг анхдагч хэрэгцээндээ иргэд бэлэн бус хэлбэрээр захиран зарцуулна.
Сүүлийнх нь Хөгжлийн сан. Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг улсын төсөвт дэмжлэг үзүүлж шийдвэрлэх, Хөгжлийн банкаар дамжиж зээл болон бусад хөрөнгө оруулалтын томоохон орчинд сэдэлжүүлэлт болоход чухал үүрэгтэй эл санд 240 тэрбум төгрөг төвлөрснийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Үүгээр дамжуулж дэд бүтцийн бүтээн байгуулалтаа шийдсэн туршлага олон улсад бий. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн сан болон Хөгжлийн банк нягт хамтарч ажиллана. Засгийн газар 2025 онд авто замын түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний дутагдалд Хөгжлийн сан дэмжлэг үзүүлж ажиллах шийдвэрийг гаргажээ.
Ийнхүү Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан цаг үеэс жил хүрэхгүй хугацаанд бараг 5 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлээд буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д төдийгүй нийт ард түмэндээ танилцуулсан нь УИХ-ын сонгуулийн үр дүн, Хамтарсан Засгийн газрыг байгуулах шийдвэртэй дүйх гэхээсээ бүр давж гарах хэмжээний мэдэгдэл байлаа. Хамгийн гол нь, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх Үндсэн хуулийн заалтыг ердөө наймхан сарын хугацаанд ийн “амь орж” эхэлсэн нь Л.Оюун-Эрдэнийн хувьд том ялалт байх нь.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрэх тооцоолол гарсан нь ч илүү бодитой гэдгийг эндээс төвөггүйхэн ойлгож болохоор. Өнгөрсөн хэсэг бүлэг нь хулгайлдаг, хумсалдаг, тонодог байсан бол өнөөдөр нийтээрээ баялгийн тэгш хуваарилалтыг хүртээд зогсохгүй тав хүрэхгүй жилийн дараа 20 их наядын хуримтлал үүсгэх тухай ярьж, тооцоод сууж байгаа нь нэн шинэхэн тогтолцооны суурь нь зөв тал руугаа яваагийн илрэл. Цаг цагаараа байдаггүй гэж энэ.
Г.Эрхэс