Ажлын хэсэг байгуулснаас хойш...

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрчээ. Өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт. 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гэсэн үг. Үүнд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв. Засгийн газрын 135 дугаар тогтоолоор “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлэхээр болсон. Ажлын хэсгийн ахлагч нь Сангийн сайд. 

Нүүрсний ханшийн уналт эдийн засагт мэдэгдэхүйц цохилт болж буй ч БНХАУ-ын татан авалт нэмэгдэж, сайжрах төлөвтэй байгаа нь сайн мэдээ. Дан ганц Гашуунсухайт гэлтгүй Шивээхүрэн боомтоор долоо хоногийн хугацаанд 758 мянган тн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ханги боомтын хувьд 1.4 сая тн болсон ч төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувь бууруулах шийдвэрийг гаргасан нь саяхан. Үндсэндээ нүүрсний ханшийн уналтаас үл хамаарахгүйгээр экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, төсвийн орлогоо барихад чиглэсэн Засгийн газрын тогтоол “бай”-ндаа ийнхүү тусч эхэлсэн бололтой. Бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд болох зэсийн баямжал, төмрийн хүдрийн экспортын хэмжээ тогтвортой нэмэгдэж байгаа нь бодит нөлөөлөл, бас дэм. 

Гэхдээ энэ бол тайвшрах шалтаг бас шалтгаан биш. Сангийн сайдын ахалсан ажлын хэсгээс нүүрсний экспортыг хэвийн хадгалах, бүр нэмэгдүүлэх чиглэлд ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг өргөтгөх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэжээ. 

Үүнээс гадна нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргажээ. Тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай урт хугацаат "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар болж байна.

Ийнхүү Засгийн газрын зүгээс валютын нөөцөө хэрхэн нэмэгдүүлэх, яаж тогтмолжуулж, хамгаалах талаарх тогтоолыг ээлж дарааллан гарган ажиллаж буй нь түрүүчээсээ үр дүнд хүрч буй мэдээж эерэг дохио. Нүүрсний экспорт, валютын албан нөөц ч мэдэгдэхүйц нэмэгдлээ. Үндсэндээ Засгийн газар, Төв банктай бодлогоо уялдуулсан нь гадаад тавцан дахь сөрөг нөлөөллийг гэтэлж гарах хамгийн зөв шийдэл байсныг эндээс харж болно.

С.Сүлд