ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ
Б.Энхбаяр: Шүүх үзэмжээрээ, ялгамжтай хандаж зарим хүний хэргийг буцааж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Тэмүүжин гишүүнээс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцэж байгаа нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших анхны тохиолдол учир энэхүү асуудалд ул суурьтай хандаж, хэлэлцэх дэгийг анхаарах шаардлагатай талаар, мөн уг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж гишүүний гаргасан саналтай ойролцоо төрлийн эрх зүйн маргаан байгаа эсэхийг татан үзэж, улс төр, эрх зүйн үр дагаврыг судлах шаардлагатай талаар хэлсэн юм.
Тэрбээр "УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн цэцэд хандан “Тодорхой хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх” асуудлаар хүсэлт гаргах гэж байна. Үүнийг би зөв жишиг болох байх гэж бодож байна. УИХ хүсэлт гаргавал Үндсэн хуулийн Цэц шууд маргаан үүсгэдэг. Ингээд бүрэн бүрэлдэхүүнээр шууд хуралдаж асуудлыг шийдвэрлэдэг онцгой горимтой. Хуульд мухардал гэж байдаггүй. Хууль мухардсан бол түүнийг нь Цэц арилгах чиг үүрэгтэй. Миний бие Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нарын гишүүнтэй хамт хэргийг шүүхээс буцаадаг асуудлыг хуулийн өөрчлөлтөөр өнгөрсөн парламентын үед болиулсан. Нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг Эрүүгийн процессын хуульд суулгасан. Харамсалтай нь, шүүх үзэмжээрээ, ялгамжтай хандаж зарим хүний хэргийг буцааж байна. Б.Найдалаа, Н.Алтанхуяг зэрэг гишүүний хэргийг шүүх буцаасан гэж ойлгосон.
Нотлогдохгүй бол хүнийг цагаатгах ёстой, нотлогдож байгаа бол шууд ял өгөх ёстой. Түүнээс ийм байна, чи ингээд ир гэж чиглэл даалгавар өгдөг байгууллага нь шүүх биш. Прокурор, мөрдөн шалгах байгууллагын дутуу хийсэн ажлыг гүйцээдэг нь шүүх биш. Тиймээс энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж эцэслэн мухарлах санал, хүсэлт гаргах бодолтой байна.
Хуулийн сайд О.Алтангэрэл Дав.Цогтбаатар гишүүний асуудлаар мэдэгдэл хийсэн байна. Улсын дээд шүүхийн шийдвэр гараад гэм буруутай гэж үзсэн, хуулийн мухардалд орсон гэсэн байна. Хөгжлийн банкны "Нээлттэй сонсгол"-ын үеэр хэрэгтэй танилцахад Дав.Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэдгийг олж хараагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсан. Би энэ асуудлыг хүнийх нь хувьд яриагүй гэдгийг ойлгоорой" гэсэн юм.
Хариуд нь Х.Тэмүүжин гишүүн Үндсэн хуулиар УИХ-ын шийдвэр, хууль зөрчсөн эсэх асуудал зөвхөн Цэцэд хянагддаг. Гэтэл УИХ-ыг ердийн шүүх дуудаж, УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудлыг нотлох баримтын хэмжээнд гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохыг шаардаж байна. Үндсэн хуульд УИХ төрийн эрх дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэсэн заалтын хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж хэрхэвч болохгүй. Энэхүү гажгийг таслан зогсоох арга бол Үндсэн хуулийн цэцэд санал гаргаж шийдвэрлэх боломжтой хэмээн үзсэн гэсэн юм.






