Д.Амарбаясгалан: Үндэснийхээ үйлдвэрлэлд дургүй нэг ч Улсын Их Хурлын гишүүн байхгүй

Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Улсын Их Хурал 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан. Гаалийн албан татвараас чөлөөлөх, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурил, улаанбуудайн жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан. Энэ хүрээнд улаанбуудайн дээд болон I зэргийн гурил, есөн нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар нийт 64.2 мянган тоннд хүрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мянган тонн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мянган тонн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арц, суварга боомтоор 3.9 мянган тонн улаанбуудайн гурилыг ОХУ-аас импортолсон байна. Мөн 2025 он гарсаар эхний 4 дүгээр сарын байдлаар нийт 17.1 мянган тонн улаанбуудайн дээд болон I зэргийн гурил импортлоод байгааг Ж.Энхбаяр сайд танилцууллаа.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 65.2 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин их тэжээл импортолсон байна. Энэхүү нөхцөл байдал нь стратегийн хүнс болох улаанбуудайн болон гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, тэдгээрт хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнэгүйдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байгаа хэмээн хууль санаачлагчийн илтгэлд тэмдэглэлээ.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль зорилтдоо хүрсэн гэж  төсөл санаачлагчид үзсэн учраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Тус Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэлээ.

Хөдөө аж ахуйн салбарыг төрөөс дэмжихээр олгосон хөрөнгө оруулалтын хүртээмжтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанарын асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, улаанбуудайн нийлүүлэлт, гурил үйлдвэрлэлийн салбарт үүссэн асуудлыг шийдвэрлэхээр эрх зүйн орчныг өөрчлөхүйц хэмжээнд хүрсэн суурь нөхцөлийг шийдвэрлэх чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, тухайн салбарт шударга өрсөлдөөн бий эсэхийг судалж, дүн шинжилгээ хийх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, салбар дахь төрийн оролцоог зохистой байлгах чиглэлээр зохицуулалт хийх боломжийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, нөхцөл байдлыг зах зээлийн зарчмаар зохицуулах шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хэлж, салбарын сайд болон Төсвийн байнгын хорооны дарга, мөн ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар авч байв.

П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан нарын гишүүд тодруулсны дагуу Улсын Их Хурлаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль нь мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоо биелүүлсэн хэмээн Ж.Энхбаяр сайд хариулт өгсөн. Гурилын үнэ өсөхөөр дагаад бусад барааны үнэ өсөөд, тэр нь инфляцад нөлөөлөөд бүр цаашлаад бодлогын хүү өндөр байх шалтгааны нэг гээд Монголбанкны мөнгөний бодлогын танилцуулгад дурдагдаж байсан талаар гишүүд цохоод гурилын үнэ нь инфляцын асуудал болоод явчихдаг өргөн цар хүрээтэйг тооцох ёстой гэдэг байр суурийг гишүүд хэлж байв.

Иргэд нэн тулгамдаж буй асуудлаар үнийн өсөлт гэж нэрлэсэн бөгөөд төрөөс эл асуудлыг хэрхэн оновчтой, үр дүнтэй зохицуулах талаар шийдвэр гаргаж, ажиллах ёстой гэдэг байр суурийг гишүүд олонтаа илэрхийлсэн. Энэ шалтгааны улмаас 2021-2024 онд гурилын үйлдвэрүүдэд нийт дүнгээрээ 212.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Зарим үйлдвэр хөнгөлөлттэй зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тухайн үед шалгалтаар илэрч байсан.

Нийт зах зээлийнхээ дийлэнх хувийг хангадаг тодорхой тооны үйлдвэр үгсэн хуйвалдах замаар бүтээгдэхүүний үнээ нэмсэн тохиолдол удаа дараа гарч, тэр бүрдээ мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдож байсан. Хүнс, хөдөө аж ахуйн салбар, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй хэдий ч үүний үр дүнд хэрэглэгчид буюу иргэд чанарын баталгаагүй, өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг тулгаж болохгүй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүд илэрхийлж байв. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүргийнхээ хүрээнд төр эцсийн хэрэглэгчийн гар дээр чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит өртгөөр хүргэхтэй холбоотой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байв. Өнөөдөр төслийг дэмжин, улмаар хууль батлагдвал дээрх нөхцөл байдал арилсан эсэх, гурилын үнэ хэт өсөх вий гэсэн болгоомжлол төрж буйгаа гишүүд илэрхийлж байв.

Гаалийн татвараас гадна хүнс, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэтдээ ямар зохицуулалт хийж, үнэ бодитой байх нөхцөлийг хангах асуудалд гишүүд төвлөрч, эцсийн бүлэгтээ хэрэглэгч, иргэдийн гар дээр  очиж буй бүтээгдэхүүн зохистой үнэтэй, өргөн сонголттой байх боломжийг бүрдүүлэх ёстойг онцолж байв. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нэрийдлээр зах зээлийн зарчмаараа явж байгаа салбаруудыг эрсдэлд оруулж, төрийн дэмжлэггүй л бол үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог нөхцөл бүрдүүлж болохгүй гэдэг байр суурийг мөн олонтаа хэлж байсан.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийн үеэр “Үндэснийхээ үйлдвэрлэлд дургүй нэг ч Улсын Их Хурлын гишүүн байхгүй. Хэрэглэгчдийн буюу иргэдийнхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхгүй гэсэндээ сонгосон иргэдээ төлөөлөн Улсын Их Хурлын гишүүд энд үг хэлээд сууж байна. Энэ нөхцөлд бид зөв шийдлийг олохоор хэлэлцэж байна. Өнгөрсөн жилийн өдийд нөхцөл байдал ямар байлаа, өнөөдөр ямар болсон, цаашдаа хэрхэх вэ гээд асуудлыг шийдэх гэж байгаа” хэмээн сануулж байв.