Гурван тогтоолын таван заалтын хэрэгжилт “0 хувь” буюу “хэрэгжээгүй” гэсэн үнэлгээтэй гарав
Улсын Их Хурлын тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтийг Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр танилцууллаа. Тус Үндэсний хорооны үнэлгээний хяналтанд 2024 оны эцсийн байдлаар нийт 272 хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын 1550 заалт бүртгэлтэй байгаагийн хэрэгжилт нь дунджаар 66.4 хувьтай гарсныг тэрбээр мэдээлэв. Үүнээс 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгджээ.
Хяналтанд байгаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дөрөв, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтарсан 13, нийт 17 тогтоолын Засгийн газар болон холбогдох этгээдэд үүрэг чиглэл өгсөн 100 заалтын хэрэгжилт 85.3 хувьтай байна. Хяналт, үнэлгээний үндэсний хорооны тайланд Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээгээр Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг 64.8 хувь гэж тооцсон байна. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эрүүл мэндийн салбарыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, В, D гепатит вирусын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх зэрэг асуудлаарх нийт есөн тогтоолын 35 заалтын биелэлтийг Засгийн газраас тайлагнаагүй бол эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдэлийн албан журмын болон сайн дурын даатгалд хамруулах, ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, эрхийн хэрэгжилтийн талаарх гурван тогтоолын таван заалтын хэрэгжилт “0 хувь” буюу “хэрэгжээгүй” гэсэн үнэлгээтэй гарсан байна.
Хууль, тогтоолын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгдсэн болон хэрэгжээгүйн шалтгаан, нөхцөлийг Хяналт, үнэлгээний үндэсний хороо тайлангийн үзүүлэлтүүд бүрэн бус, ажлын нэгтгэл хангалтгүй, агуулгын алдаатай, бодитой бусаар тайлагнасан зэргээс болж байна гэж тайлбарласан юм. Мөн хэрэгжиж дууссан, хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, ач холбогдолгүй болсон шийдвэрүүдийг хяналтаас хасах шаардлагатай гэсэн санал гаргалаа.
Хууль, тогтоолын биелэлтийн талаарх Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, М.Ганхүлэг, Д.Ганмаа нар байр сууриа илэрхийлж, Засгийн газар болон холбогдох байгууллагад Улсын Их Хурлаас өгсөн үүрэг, чиглэлийн биелэлт хангалтгүй байгаад харамсаж байгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн эрх, хөгжлийн тухай шийдвэр, хүний хөгжлийн асуудлуудын биелэлт “0 хувь”-тай, хэрэгжээгүй, тайлагнаагүй байгааг яах ёстой гэсэн асуулт тавьсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн парламент, Байнгын хорооны хянан шалгах чиг үүргийг бэхжүүлэх, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтэд онцгой анхаарах цаг болсныг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх, төсөв санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог бодит байдалтай нийцүүлэн, боловсронгуй болгох тухай ярьж, Засгийн газрын байр суурийг асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Хяналт, үнэлгээний үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, Засгийн газрын хяналтын ажил, аргачлал, хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж өгөх, хамтран ажиллах болон хангалтгүй ажилласан тохиолдолд хүлээлгэ хариуцлагын асуудлыг хөндөж, хяналт шалгалтыг хамтран ажиллах арга барилаар тодорхой, үр дүнтэй, ил тод хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хяналт, үнэлгээний тайланд салбар дундын үйл ажиллагааг уялдаатай үнэлж дүгнэх, энэ талаар тайлагнаагүй тохиолдолд хэрхэх зэрэг олон талын учир дутагдал байгааг дурдаж, эрүүл мэнд, нийгэм, хүн ам, боловсролын салбаруудын аль алинд хамаарах олон шийдвэрийн биелэлтийг тайлагнаагүй, эдгээрийг хамруулж тооцвол хэрэгжилтийн хувь ердөө 20 болж буурахаар байгаа тул тайлан, мэдээллийг гүйцээн бүрдүүлсний дараа асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан юм. Энэ саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Улсын Их Хурал, Байнгын хорооноос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тайлагнаагүй болон хангалтгүй биелүүлсэн яамдаас тайлбарыг бичгээр авахаар тогтлоо.



