Х.Тэмүүжин: Эрүү шүүлтийг таслан зогсоох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, О.Номинчимэг, П.Сайнзориг болон Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, шүүх, мөрдөн шалгах байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, хуульчид, өмгөөлөгчид, судлаачид зэрэг 80 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал чиглүүлсэн бөгөөд нээж хэлсэн үгэндээ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний эрх эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооноос ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгааг дурдсан. Энэ төслийн нэг томоохон багц асуудал нь эрүү шүүлт тулгах гэмт хэрэгтэй холбоотой эрх зүйн асуудал бөгөөд хууль тогтоомж дахь зохицуулалтыг боловсронгуй болгож, агуулга, нэр томьёог Конвенцын агуулгад нийцүүлэх шаардлагатай байгаа гээд “Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв. 

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлаас байгуулсан ажлын хэсгийн хүрээнд хийсэн судалгаа, зөвлөлдөх уулзалтуудын үр дүнд эрүү шүүлттэй тэмцэх чиглэлээр долоон арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай хэмээлээ. Тодруулбал, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг сайжруулах, Эрүүгийн хуулийг олон улсын баримт бичигтэй нийцүүлэх, Гэрч, хохирогч, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Эрүү шүүлттэй холбоотой хэрэгт чиглэсэн тусгай мөрдөн шалгах байгууллага байгуулах, Парламентын хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх, Хохирол барагдуулах тогтолцоог сайжруулах, Шүүхийн хяналтыг бэхжүүлж, эрүү шүүлтийг таслан зогсоох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэв. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь Эрүүгийн хуулийг олон улсын баримт бичигтэй нийцүүлэх асуудлыг хөндөж буйг онцлоод, оролцогчдод амжилт хүссэн. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд "Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тодорхойлолт, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын үзэл баримтлал, НҮБ-ын зөвлөмж" сэдэвт илтгэл танилцуулав. Хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээлэл олж авах, хэрэг хүлээлгэх, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг эрүүдэн шүүх гэж хэлнэ хэмээн тодотгоод, “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулга, шинжид нийцүүлэх 6 дүгнэлтийг хэлсэн.

Тухайлбал, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд ирүүлсэн зарим дүгнэлт, зөвлөмжийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах нь олон талын ач холбогдолтой. Мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн үйлдлийн шинж, ноцтой байдлыг харгалзан үндсэн болон хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хуульчилж, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах, үүнд нийцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоох боломжтой гэлээ.